БНСУ ДАХЬ ХНХҮТ 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ТОДРУУЛЛАА.
БНСУ ДАХЬ ХНХҮТ 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ШАГНАЛАА
Өнгөрөн одож буй 2020 он хэдий цар тахалтай тэмцсэн хүнд жил байсан ч Солонгос дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хувьд зорилго зорилтуудаа биелүүлж ажилласан, хийж бүтээж хэрэгжүүлсэн ажил ихтэй он байлаа. Энэ сарын 17-ны өдөр байгууллагын тайлангийн хурал болж оны ажлаа дүгнэн хэлэлцэж, ирэх оны зорилтуудаа танилцуулан шилдэг ажилтнуудаа төр засгийн болон байгууллагын шагналуудаар шагнаж урамшуулсан юм. “2020 оны байгууллагын шилдэг ажилтан”-аар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат, Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн Х.Золгэрэл, мэргэжилтэн Я.Гармаа нар шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнуулсан бол төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Гантулга, Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Ц.Мөнхцацрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Ч.Энхжаргал, НДЕГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн нар энгэрээ мялааж олон жилийн хөдөлмөр бүтээлээ төр, засагтаа үнэлүүллээ. Мөн байгууллагын үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан мэргэжилтэн Ч.Энхжаргал, Б.Батжаргал, Ж.Жаргалсайхан нарыг ХНХҮТ-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2020 оны байдлаар Монгол Улсын Нийгмийн даатгалын санд 3 тэрбум 148 сая төгрөгийн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 109 хувиар биелүүлжээ. Мөн БНСУ-д амьдарч буй манай иргэд хэлний мэдлэг дутмаг, хууль эрхзүйн хязгаарлалттай байдлаас болж хохирох эрсдлүүд үүссэнээс гарсан асуудлуудыг хоёр улсын холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэн ажиллаж зөвхөн 2020 онд гэхэд л иргэдэд олгогдоогүй байсан 943 сая 150 мянган воныг нөхөн олгуулаад байна.
ЭХ СУРВАЛЖ: БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.