Цар тахал тус тусдаа гарсан дэгдэлтээс үүдэлтэй гэж БНХАУ үзэж байна

Цар тахал тус тусдаа гарсан дэгдэлтээс үүдэлтэй гэж БНХАУ үзэж байна

Коронавирусний цар тахал дэлхийн янз бүрийн бүс нутагт тус тусдаа гарсан дэгдэлтээс үүдэлтэй бөгөөд үүнийг олон тооны судалгаа харуулж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Синьхуа агентлаг болон Хятадын төв телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"Хятадад үл мэдэгдэх вирусний халдвар тархсаны дараа эпидемиологийн судалгаа явуулж, эмгэг төрүүлэгчийг тогтоож, бүх гол мэдээллийг нийтэлсэн" гэж Ван И цохон тэмдэглэсэн байна. "Бид худал мэдээлэл тараах, улс төржүүлэх, гутаан доромжлох оролдлогын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд байсан. Баримтыг бодитой танилцуулж, цар тахалтай хийж буй тэмцлийн талаарх хамтын ой санамжийг худал хуурмаг байдлаар гажуудуулахгүй байхаар бид хатуу шийдсэн байсан" гэж Ван И онцлон тэмдэглэжээ.

Бээжин коронавирусний гарал үүслийг судлахтай холбоотой бүхий л судалгааг хатуу хянаж, “заримыг нь дарахын хажуугаар вирус Хятадаас гадуур үүсэж болох байсан гэх онолыг идэвхтэй сурталчилж байна” гэж “Associated Press” агентлаг өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд эдгээр мэдэгдлийг хийсэн байна.

AP агентлагийн мэдээлснээр, Хятадын Засгийн газар тус улсын өмнөд хэсэгт вирусний гарал үүслийг судалж байгаа болон цэргийнхэнтэй холбоотой эрдэмтдэд хэдэн зуун мянган ам.долларыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа аж. Үүний зэрэгцээ эрх баригчид тэдний хийсэн нээлтүүдийг хянаж, бүх мэдээллийг хэвлэн нийтлэхдээ Засгийн газрын хяналтад байдаг, БНХАУ-ын дарга Шин Жинпиниэс шууд тушаал авдаг тусгай ажлын хэсгээс зөвшөөрөл авах шаардлага тавьж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор маш бага мэдээлэл ил болсон гэж АР агентлаг онцлон тэмдэглэжээ.

Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарсан тухай Хятадын эрх баригчид 2019 оны сүүлчийн өдөр ДЭМБ-д мэдээлсэн билээ. Өвчин үүсгэгч нь шинэ төрлийн “SARS-CoV-2” коронавирус болохыг тогтоож, энэ өвчнийг “COVID-19” гэж нэрлэсэн. Халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-ний өдөр зарласан билээ.

ДЭМБ-ын мэдээллээр, өнөөдрийн байдлаар дэлхий даяар “COVID-19”-ийн 82 сая орчим тохиолдол бүртгэгджээ. Харин Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн статистик мэдээгээр халдвар авсан нийт хүний тоо 84 сая давсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.