Израилын нэг сая гаруй иргэн коронавирусний вакцин хийлгэсэн байна.
Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Израилын хүн амын арав гаруй хувь нь буюу нэг сая гаруй иргэн коронавирусний вакцин хийлгэсэн байна.
DPA агентлаг мэдээлснээр, Израил улс хүн амаа дархлаажуулах ажлыг маш хурдан хийж байгаа бөгөөд энэ сарын 1-ний баасан гарагт тус улсын нэг сая дахь иргэн вакцин хийлгэжээ. Вакцин хийлгэсэн нэг сая дахь иргэн нь арабуудын суурин болох Умм аль-Фахм тосгоны оршин суугч болсон байна. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн нар энэхүү үйл явдалтай холбогдуулан тус тосгонд очжээ.
Израилд коронавирусний эсрэг дархлаажуулах аян 2020 оны 12 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компанийн вакциныг ашиглаж байгаа юм.
Нетаньяхугийн мэдэгдсэнээр, Израилын Засгийн газар дархлаажуулалтын аяны үеэр дор хаяж 5.5 сая хүнд (9.3 сая орчим хүн амтай) вакцин хийх зорилт тавьжээ. Энэ зорилгод хүрснээр тус улсад “COVID-19”-ийн цар тахлыг зогсоох боломжтой болно гэж тэрбээр үзэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.