АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцин сөрөг нөлөө мэдрэгдсэн
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакциныг хийлгэсэн Мексикийн нэгэн эмч эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, вакцин хийлгэснээс 30 минутын дараа 32 настай эмчийн арьсан дээр тууралт гарч, таталт өгч, булчин сулрах, амьсгал давчдах зэрэг сөрөг нөлөө мэдрэгдсэн байна. Эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түүнд тархи нугасны тархмал үрэвслийн (энцефаломиелит) урхаг гэсэн онош тавьжээ. Үүнээс өмнө түүнд триметоприм гэгч бодист харшилтай болох нь тогтоогдож байсан бөгөөд энэ тохиолдлын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Мексик өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд үүнд “Pfizer – BioNTech” вакциныг хэрэглэж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн Финланд улсад мөн “Pfizer – BioNTech” вакцины сөрөг нөлөө гарсан тохиолдол бүртгэгдээд байна. Финландын эмзүйн аюулгүй байдал, хөгжлийн агентлагийн ерөнхий эмч Маяа Кауконен вакцины сөрөг нөлөө гарсан тохиолдол бүртгэгдсэнийг баталсан байна. Тэрбээр тус агентлагт ийм таван тохиолдлын мэдээлэл ирвэл ямар төрлийн сөрөг нөлөө илэрч буй талаар мэдээлнэ гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр Финландын Хелсинки, Турку, Тампере, Куопио, Оулу хотын томоохон эмнэлгүүдийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.