Япон улс дахин онц байдал тогтоох эсэх эцсийн шийдвэрийг маргааш гаргана.

Япон улс дахин онц байдал тогтоох эсэх эцсийн шийдвэрийг маргааш гаргана.

Япон улсын засгийн газар Токио болон нийслэлийн бүсийн гурван мужид цар тахлын тархалтыг хумих үүднээс дахин онц байдал тогтоох эсэх эцсийн шийдвэрийг маргааш гаргах гэж байна. Хэрвээ нийслэл болон түүний эргэн тойрны гурван мужид хоёр дахь удаагаа онц байдал тогтоовол Япон улсын эдийн засаг 2021 онд 0.9 хүртэлх хувиар буурна гэсэн урьдчилсан таамгийг тус улсын шинжээчид гаргасан байна.

Тус улсын хувийн салбарын таван компанийн шинжээчдийн тооцоолсноор ДНБ 0.3 хувиас 0,9% хүртэл агших юм байна. Энэ нь нэг сарын хугацаанд онц байдал тогтоосон нөхцөлд гарах эдийн засгийн тооцоолол юм байна. Зах зээлийн шинжээчид онц байдлын хугацаанд иргэд гэртээ байснаар хэрэглээ буурна, ресторан хоолны газрууд ажиллах цагаа богиносгоно. Энэ нь хэрэглээний зардлыг бууруулж, эдийн засгийн эрчийг сулруулна гэж үзэж байгаа юм байна. Мөн Дайчи Лайф Судалгааны хүрээлэн онц байдал зарласнаас хойших зургаан сарын хугацаанд 75 мянган хүн ажлын байргүй болно гэж тооцжээ. Энэ үеэр Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ онц байдал тогтоосон хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг богино хугацаанд нарийвчлан судлахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгосон байна. Тэрээр өчигдөр эдийн засгийн сэргэлт, цар тахалтай тэмцэх ажлыг хариуцсан сайд болон эрүүл мэндийн сайд нартай уулзжээ.

Маргааш Японы засгийн газар цар тахлын ажлын хэсгийнхэн болон халдварт өвчний мэргэжилтнүүдээс бүрдсэн цар тахлын зөвлөх багийнхантай уулзалт хийсний дараа онц байдал тогтоох эсэх шийдвэрийг гаргах юм байна. Хэрвээ онц байдал тогтоохоор бол тус улсын засгийн газар эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэн тэргүүнд тооцож, ресторан хоолны газруудад халдвар тархах эрсдэлийг бууруулах чиглэлд голлон анхаарч, бизнес эрхлэгчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх юм байна. Мөн гэрээсээ ажиллах боломжийг нэмэгдүүлэх, олон хүн цуглах аливаа үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.