Индонезэд газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тоо 42-т хүрлээ
Индонезийн Сулавеси арал дээр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 42-т хүрлээ гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлжээ.
Аврах албаныхан алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.
Сулавеси арал дээр баасан гаргийн өглөө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 637 хүн гэмтсэнээс гадна 15 мянга гаруй оршин суугч хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ.
Индонези нь хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшигт олон удаа нэрвэгдэж байсан бөгөөд 2018 онд мөн Сулавеси арал дээр болсон газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амиа алдсан юм.
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэлэл илэрхийлээд, алга болсон хүмүүсийг эрэн хайх, гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.