БНСУ-ын “Samsung” корпорацын өв залгамжлагчид 2.6 жил хорих ял оноов
БНСУ-ын “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, “Samsung Group” корпорацын гол өв залгамжлагч Ли Жэ Ёнд хээл хахуулийн хэргээр хоёр жил, зургаан сарын хорих ял оноолоо гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Сөүл хотын өндөр шүүх корпорац дахь эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор эрх баригчдад хээл хахууль өгсөн хэргээр түүнд 2.5 жил хорих ял оноожээ.
“Samsung” корпорацын тэргүүн агсан Ли Гон Хи 2020 оны аравдугаар сарын 25-нд таалал төгссөн билээ. Түүний өвийг шилжүүлэх үйл явц хэдэх жил үргэлжлэхээр байна. Ли Гон Хи агсан 2014 онд зүрхний шигдээс болсны дараа корпорацын удирдлага түүний хүү, “Samsung Electronics” охин компанийн дэд ерөнхийлөгч 52 настай Ли Жэ Ёнд шилжээд байсан юм. 2014 онд тус улсын прокурорын газар Ли Жэ Ёныг корпорац дахь хяналтыг авахын тулд хувьцаа болон корпорацын охин компаниудыг нэгтгэхтэй холбоотой хууль бус хуйвалдаанд оролцсон гэж буруутгаж байв. Энэ явцад тэрбээр “Samsung”-ийн хэд хэдэн охин компанийг нэгтгэхэд Засгийн газрын дэмжлэг авах зорилгоор БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотнын найзад 8.9 тэрбум воны хэмжээтэй хахууль өгсөн байна.
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг 2017 онд эрх мэдлээ урвуулан ашигласан, томоохон корпорацуудтай холбоотой байсан, хээл хаахуулийн хэрэгт буруутган албан тушаалаас нь огцруулсан билээ. Тухайн үед Ли Жэ Ёныг мөн саатуулж, таван жилийн хорих ял оноосон ч 2018 оны хоёрдугаар сард шүүх түүний давж заалдах хүсэлтийг хэлэлцэн, хээл хахуулийн хэмжээг бууруулж, таван жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж байсан юм. 2019 оны наймдугаар сард тус улсын Дээд шүүх Ли Жэ Ёны өгсөн хээл хахуулийн хэмжээг хуучин хэмжээнд сэргээж, хэргийг дахин хянахаар буцаасан байна. Сөүлийн өндөр шүүх Ли Жэ Ён 8.7 тэрбум воны хээл хахууль өгснийг тогтоож, 2.5 жилийн хорих ял оноожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.