Алексей Навальныйг дэмжигчид энэ ням гарагт дахин жагсахаар төлөвлөж байна
ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйгийн багийнхан түүнийг суллуулах зорилгоор энэ ням гарагт дахин жагсахаар төлөвлөж байна. Навальныйгийн багийнхан Улсыг аюулаас хамгаалах хорооны төв байр болон Кремлийн ордны гадна талбайд ням гарагийн үд дунд цуглахыг дэмжигчид дээ хандан фэйсбүүкээр уриалсан талаар МоскваТаймс мэдээлжээ.
Навальныйг дэмжигчид түүнийг суллах хүртэл төр засагт үзүүлэх шахалтаа сулруулахгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ зорилгоор энэ сарын 31-ний өдөр ОХУ-ын бүх хотод “Навальныйг суллуулахын төлөө, эрх чөлөөнийхөө төлөө, шударга ёсны төлөө” гэсэн уриатайгаар дахин жагсана гэдгээ мэдэгджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч, авилгын эсрэг тэмцэгч гэгддэг Навальныйг Германд эмчлүүлээд эх орондоо ирмэгц нь баривчилж хорьсон. Оросын эрх баригчид хорьсон шалтгаанаа түүнийг тэнсэн харгалзах ялын хугацааг зөрчсөн гэж тайлбарласан. Гэвч түүнийг дэмжигчид суллахыг шаардаж, өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд ОХУ-ын 100 гаруй хотод олон мянган хүн оролцсон жагсаал болсон.
Жагсаалыг Оросын эрх баригчид зөвшөөрөлгүй зохион байгуулсан, хууль бус үйл ажиллагаа гэсэн үүднээс зохион байгуулагчид, идэвхтнүүд гээд 3700 гаруй хүнийг баривчлан саатуулснаас зөвхөн нийслэл Москва хотод гэхэд 1400 гаруй хүнийг саатуулсан байна. Үүнийг ажиглагчид ОХУ-ын сүүлийн жилүүдэд болсон хамгийн том жагсаалд тооцож байна.
Тус улсын прокурорууд Москва, Санкт-Петербург болон бусад хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал өдөөсөн, хууль бус жагсаалд насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн, зам хаасан, танхайрсан, эд хөрөнгө сүйтгэсэн зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэн, мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Мөн Оросын мөрдөн шалгах хороо цар тахлын үеийн журам зөрчсөн эсэхийг шалгаж байгаа гэж Навальныйгийн баг мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.