2020 онд АНУ-ын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч унажээ

2020 онд АНУ-ын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч унажээ

Өнгөрсөн онд АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 3.5 хувиар унасан нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Энэ тухай тус улсын Худалдааны яамны мэдэгдэлд дурдсан байна.

Америкийн эдийн засаг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа ихээхэн уналтад орсон байна. Тухайн үед тус улсын ДНБ 2.5 хувиар буурч байжээ.

АНУ-ын Худалдааны яамнаас мэдээлснээр, 2020 оны сүүлчийн улиралд тус улсын эдийн засаг 4 хувиар өссөн бол шинжээчид 4.3 хувиар өснө гэж таамаглаж байсан байна. Гэвч оны сүүлчээр цар тахлын байдал улам дордож, улсаас үзүүлэх санхүүгийн тусламж бараг зогссон учир эдийн засгийн өсөлт удааширч, гуравдугаар улирлынхтай харьцуулахад 1 хувиар өсжээ. Хүн амын вакцинжуулалт амжилттай болбол энэ онд эдийн засаг ихээхэн өснө гэж АНУ-ын шинжээчид үзэж байна.

Энэ бол Дональд Трампын Ерөнхийлөгч байх үеийн АНУ-ын эдийн засгийн байдлын талаарх хамгийн сүүлийн тайлан юм. Цар тахлын өмнө 45 дахь Ерөнхийлөгч эдийн засгийн хэд хэдэн чухал үзүүлэлтээр дээд амжилтыг эвдэх байв. Гэсэн хэдий ч коронавирусний тархалт сөргөөр нөлөөлсөн юм. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд цар тахлын нөлөөгөөр бизнесүүд хүндэрч, сая сая ажилчин гэртээ үлдэж байсны улмаас ДНБ 31.4 хувиар буурсан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болжээ. Харин гуравдугаар улиралд зарим үйлдвэрүүд сэргэсэнтэй холбоотойгоор ДНБ хурдацтай (33.4 хувь) өссөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.