“Toyota Motor” компани автомашины борлуулалтаар тэргүүлжээ

“Toyota Motor” компани автомашины борлуулалтаар тэргүүлжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани өнгөрсөн онд дэлхий даяар 9.53 сая автомашин борлуулж, бусад компаниудын дунд энэ үзүүлэлтээр тэргүүллээ. 

“Toyota” группийн үйлдвэрлэгчид болох “Daihatsu Motor”, “Hino Motors” компаниудын үзүүлэлтийг оруулаад 2020 онд 2019 оныхтой харьцуулахад дэлхий даяар борлуулалтын хэмжээ 11.3 хувиар буурчээ. Гэхдээ Японы концернийн гол өрсөлдөгч болох Германы “Volkswagen” компани мөн хугацаанд 9.3 сая орчим автомашин борлуулсан нь "Toyota Motor” корпорацыг  энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч болгосон байна. Тус компани хамгийн сүүлд 2015 онд энэ жагсаалтыг тэргүүлж байжээ. 

“Toyota Motor” цар тахлын улмаас үйлдвэрүүдээ түр зогсоож байсан хэдий ч оны эцсээр үйлдвэрлэлийн хэмжээ компанийн түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралаас бусад орнуудыг бодвол илүү хурдан сэргэж буй Хятадын зах зээл дээр эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. 

Өнгөрсөн онд "Toyota”-гийн Европ дахь борлуулалт дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад харьцангуй бага хувиар буурсан байна. Европын орнуудад нийт 960 мянга орчим "Toyota”-гийн автомашин борлуулагдсан нь 2019 оныхоос 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.