Японд эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэллээ

Японд эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэллээ

Япон “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө өнөөдрөөс эхлүүлж, эхний ээлжид эмнэлгийн 40 мянган ажилтныг дархлаажуулж эхэлжээ.

“COVID-19”-ийн вакцины эхний тунгуудыг Токио хот дахь улсын эмнэлэгт хийсэн бөгөөд ирэх долоо хоног гэхэд вакцинжуулалтыг эмнэлгийн 100 байгууламжид явуулахаар төлөвлөж байна. Япон шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг харьцангуй хожуу буюу дэлхийн 70 гаруй орны араас эхлүүлж буй нь энэ юм.

Ийнхүү Япон Токиогийн Олимп, Паралимпын наадам эхлэхээс зургаан сар орчмын өмнө, мөн Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн дэмжигчдийн түвшин буурч, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд олон нийтийн шүүмжлэлд өртөж буй үед вакцинжуулалтаа эхлүүлж байна.

Токио хотын Эрүүл мэндийн төвийн дарга Араки Казүхиро вакцины эхний тунг тариулж байна

Эхний ээлжид вакцинжуулалтад хамрагдах эмнэлгийн ажилтнуудын 20 мянга нь АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакциныг хийлгэснээс үүдэлтэй гаж нөлөө болон түүнтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулах судалгаанд оролцоно. Тэдгээр ажилтан вакцины хоёр тунгийн эхнийхийг хийлгэснээсээ хойш долоон долоо хоногийн турш биеийн байдлынхаа талаарх мэдээллийг тогтмол өгөх ажээ.

Японд гуравдугаар сараас галын шугамд ажиллаж буй 3.7 сая хүнийг дархлаажуулж эхлэх бөгөөд дөрөвдүгээр сараас 65 болон түүнээс дээш насны 36 сая хүнийг вакцинжуулна. Вакцинжуулалтын дараагийн ээлжид чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг архаг суурь өвчтэй болон ахмад настнуудын асрамжийн газруудад ажилладаг хүмүүсийг дархлаажуулах бөгөөд хамгийн сүүлд нийт хүн амыг вакцинжуулна.

“Pfizer”-ийн вакцины хоёр тунг гурван долоо хоногийн зайтай хийлгэх бөгөөд уг вакциныг цельсийн -75 хэмд хадгалах шаардлагатай тул зориулалтын тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн байгууламжуудад хадгална. Мөн вакциныг гэсгээсэн тохиолдолд цельсийн -2-8 хэмд таван хоног хадгалах боломжтой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.