НАСА-гийн хөлөг Ангараг гараг дээр түүхэн буулт хийлээ

НАСА-гийн хөлөг Ангараг гараг дээр түүхэн буулт хийлээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Perseverance” сансрын хөлөг Улаан нүдэн гараг дээр товлосон газарт амжилттай газардлаа.

Тус агентлагийн мэдээлснээр, сансрын хөлөг Ангараг гарагийн Эзеро тогоонд, товлосон газрын төвөөс зүүн урд зүгт 1.7 км зайд 1.2 градусын налуутай буужээ. Сансрын хөлөг Ангараг гарагийн гадаргуу дээр бүрэн аюулгүй байдалд байна гэж НАСА мэдэгдсэн байна.

Өдгөө тус агентлагийн эрдэмтдийн багууд “Perseverance” хөлгөөс ирүүлсэн гэрэл зургийг судлах ажлаа эхлүүлжээ. Ойрын үед тус хөлөгт байрлуулсан эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг идэвхжүүлэх гэнэ.

Буултын үед авсан гэрэл зураг, дүрс бичлэгүүд дээрх мэдээлэлтэй ойрын хугацаанд бүрэн танилцана гэж тус агентлагийн шинжээчид тооцоолжээ. Эхний хэдэн дэлхийн хоногт “Perseverance” хөлгийн программ хангамж, төхөөрөмжийг тохируулах, мэдээллийг Дэлхий рүү дамжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцэн тухайн газрын онцлогийг тодорхойлохын тулд ойр орчмын гэрэл зургийг авах аж. Түүнчлэн, сансрын хөлөг богино зай буюу нийт 10 метр цааш, нааш аялах гэнэ.

Гурван долоо хоногийн дотор НАСА агентлагийн мэргэжилтнүүд “Perseverance” хөлөг дээр байрлуулсан “Ingenuity” нисдэг тэрэгний туршилт хийх газрыг сонгохоор зэхэж байна. Үүний тусламжтай гэрэл зураг авах юм. “Ingenuity” нисдэг тэрэг анхны нислэгээ энэ хавар хийхээр төлөвлөжээ.

Сансрын хөлгийн бүх тоног төхөөрөмжийг шалгаж дууссаны дараа сансрын аппарат Улаан нүдэн гараг дээр урьд өмнө амьдрал байсан эсэх ул мөрийг эрэн хайх ажлыг эхлүүлэх юм. Сансрын хөлөг буусан газраасаа баруун хойд зүгт аялна гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд тооцоолж байна. “Perseverance” хөлөг нэгэн цагт нуур байсан газруудын хөрсний дээжийг цуглуулах даалгаврыг гүйцэтгэх юм.

“Perseverance” хөлөг цуглуулсан дээжүүдийг нийт 40 тусгай саванд хийж, хадгалах юм. Төлөвлөгөө ёсоор эдгээрийг тусгай аппаратад суулгаж, Ангараг гарагийн тойрог замд оруулах ба 2026 он өөр нэг хөлөг очиж авах юм. Ангараг гарагийн дээж Дэлхийд 2030-аад онд ирнэ гэж НАСА тооцоолж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.