ОХУ Эстони улсын дипломатуудыг нутаг дэвсгэрээсээ даруй гарахыг шаардсан байна. Эстони улс ОХУ-ын дипломатуудыг нутаг буцаах шийдвэрийг гаргасны хариуд Москва ийм арга хэмжээг авчээ.
Энэ сарын эхээр Москва Европын өөр гурван ч улсын дипломатуудыг хууль бус жагсаалд оролцсон гэж буруутган, эх орноосоо хөөсөн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "Саяхан Эстонийн шинэ Засгийн газар Таллин хот дахь Оросын Элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарласан. Магадгүй, Эстонийн эрх баригчид энэ үйлдлээрээ Брюселль болон Вашигтон дахь зөвлөхүүддээ хэр үнэнч вэ гэдгээ харуулахаар шийдсэн байх. Манай Элчин сайд Соёл болон Боловсролын салбартай холбоотой асуудлуудад анхааран ажилласныг буруутган хөөсөн. Эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагаа хэвийн байхад шүү дээ" гэж ярьсан байна.
Энэ хооронд шинжээчид Хуучин Зөвлөлт Холбоот улсын эгнээнд багтаж байсан Эстони улс Оросын нөлөөнд автахаас аль болохоор зайлсхийж байгааг хэлсэн байна.
Харин Москвагийн зүгээс Эстони улс барууны орнуудын цэргийн эвсэл болох НАТО-гийн гишүүн болсныг эсэргүүцсээр иржээ. Үүнээс гадна Эстони улс Оросын эрх баригчдыг хүний эрхийн зөрчил, Ардчиллын эсрэг бодлоготой холбоотойгоор шүүмжилдэг нь Кремлийн бухимдлыг төрүүлдэг талаар шинжээчид хэлсэн байна.
Энэ сарын эхээр Москва Герман, Польш болон Шведийн дипломатуудыг Алексей Навальныйг дэмжигчдийн жагсаалд оролцсон гэх үндэслэлээр Оросын нутаг дэвсгэрээс мөн гаргасан юм.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.