Тусгаарлагдсан монгол залуу хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очжээ

Тусгаарлагдсан монгол залуу хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очжээ

БНСУ-ын Намъянжу хотод оршин суух 35 настай монгол иргэнээс коронавирусын халдвар илэрч, өвчтөнийг Сөүлийн Үндэсний их сургуулийн "Пундан" эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа талаар тус улсын зарим хэвлэлд өнөөдөр /2020.02.25/ мэдээлсэн билээ.

Түүнчлэн БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд анхааруулга мессеж ирсэн тухай мэдээлэл гарч байна. БНСУ-д ажиллаж, амьдардаг иргэн Т манай редакцитай ходбогдон, гар утсанд нь мессеж ирснийг батлав.

БНСУ-ын Онцгой байдлын газар болон Хотын захиргаанаас иргэдэд ирсэн мессеж нь:

[На Ян Жү хотын захиргаа] Хоёрдугаар 24-ний өдөр Пёлнэ дүүрэгт амьдардаг нэг монгол хүнээс COVID19 илэрсэн. Гэр бүл гэх мэт ойр хавьталд орсон зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас тодруулна уу! гэсэн утгатай байна


Өмнөд Солонгосын naver.com сайтад өнөөдөр энэ тухай эхлээд мэдээлсэн. 

Тус сайтын мэдээнд "БНСУ-ын Намяанжү хотод Монгол улсын харьяат, 35 настай иргэн коронавирусын халдвар авсан нь илэрлээ. Тэрээр хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголоос ирсэн бөгөөд биеийн байдал муу байсан учраас гэрээсээ ерөөсөө гараагүй хэмээсэн байна. Түүнтэй хамт амьдардаг монгол эхнэр болон эгч нь халдвар аваагүй болохыг тогтоолоо. Тус өвчтөн одоогоор Пунданы эмнэлэгт тусгаарлагдаад байна. Одоогоор түүнийг хаанаас халдвар авсан болохыг нь тодруулахаар ажиллаж байна" гэсэн байв. 


Гэхдээ Өмнөд Солонгос дахь баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Намянжү дүүрэгт амьдардаг 35 настай монгол залуу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд бус хоёрдугаар сарын 12-нд Монголоос Солонгост очсон бөгөөд 20-ноос биеийн байдал нь муудаж эхэлжээ. 

Ёнхап ньюс агентлаг дөнгөж сая энэ талаар "БНСУ-ын Намьянху дүүргийн Бийондонг хотод амьдардаг, 35 настай монгол эрэгтэйгээс шинэкоронавирусын халдвартай болох нь батлагдсан байна. Уг өвчтөн нь элэгний өвчин, бөөрний дутагдал гэх оноштойгоор Монголоос ирээд гэрийн эмчилгээнд хамрагдаж байжээ. Түүнтэй хамт байсан зургаан монгол хүн, түүний эхнэр, эгч, ойр дотны хүмүүсээс нь шинжилгээ авсан ч азаар сөрөг гарсан байна. Тухайн хүний оршин суугаа газар, хүрээлэн буй орчныг сайтар ариутгасан. Өвчтөн одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн "Бунданг" эмнэлэгт хорио цээрийн эмчилгээ хийлгэж байна" гэж мэдээллээ. 

Намянжү дүүрэг бол монголчууд олноороо уулздаг, монгол хоолны газар, карго гэх мэт монгол хүмүүст зориулсан үйлчилгээ олонтой газар. Тиймээс тус улсад, тус дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна. 

МЭДЭЭЛЭЛ БАТАЛГААЖЛАА

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11.00 цагт Шуурхай мэдээлэл хийж, БНСУ-д амьдардаг монгол иргэн коронавирусын халдвар авсан нь батлагдсан болохыг мэдэгдлээ. 

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өчигдөр болсон Онцгой комиссын хурлаас хойш БНСУ-д 60 тохиолдол нэмэгдсэн мэдээлэл байна. Тус улсад онош батлагдсан гэх монгол эрэгтэй нь элэгний архаг үрэвсэлтэй байсан бөгөөд БНСУ-д эмчлүүлэхээр хоёрдугаар сарын 12-ны өдөр очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд өчигдөр шинжилгээ өгөхөд коронавирусын халдварын онош эерэг гарч, онош батлагдсан байна. Харин түүнтэй хамт явсан эхнэр болон эгч нарын онош батлагдаагүй буюу халдвар аваагүй нь батлагдсан. Бидний зүгээс өвчний халдварын далд үеийг судалж үзэхэд тус эрэгтэй нь БНСУ-аас халдвар авсан байх өндөр магадлалтай гэж үзэж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.