БНСУ: Вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ.
Өмнөд Солонгосын цагдаа нар коронавирусийн цар тахал болон вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ. Тус улсын Засгийн газар цар тахлын эсрэг хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж болзошгүй худал мэдээлэлтэй хатуу тэмцэнэ гэж амласны дараа ийнхүү хатуу арга хэмжээ авч байгаа юм.
Баривчлагдсан хүмүүсийн дунд "Коронавирусийн вакцин хүний генийг өөрчилнө", "Вакцин Альцхаймерын өвчин үүсгэнэ" зэрэг мэдээллийг цахимаар тараасан иргэд байсан гэж Үндэсний цагдаагийн газраас пүрэв гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн 60 орчим насны нэгэн эмэгтэй Инчон хотын цахилгааны шон болон автобусны зогсоолууд дээр хэдэн арван сурталчилгааны хуудас байрлуулж байгаад баригджээ. Эдгээр хуудас дээр "Вакцин дахь чип таны амьдралыг авч одно" гэж бичсэн байжээ.
БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас коронавирусийн вакцинжуулалтын аяныг эхлүүлснээс хойш албаныхан вакцины талаарх ташаа мэдээлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь олон нийтийг хамарсан будилаан, эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Коронавирусийн вакцины талаар худал мэдээлэл тараасан хүмүүст Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний тухай хуулийг зөрчсөн хэргээр долоон жил хүртэлх хорих ял эсвэл 50 сая воны торгууль ногдуулах боломжтой юм. Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газраас "Вакцинтай холбоотой хуурамч мэдээлэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад идэвхтэй мэдээлэхийг иргэдээс хүсье. Бид мөн вакцинжуулалттай холбоотой бусад гэмт хэргийг таслан зогсооход бэлтгэлтэй байгаа. Тухайлбал, вакцины хариуд мөнгө нэхсэн залилангууд нэмэгдэх төлөвтэй байна" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.