Дэлхийн 20 гаруй оронд хүнсний хомсдол нүүрлээд байна
Дэлхийн 20 гаруй оронд хүнсний хомсдол нүүрлээд байгаа бөгөөд томоохон хэмжээний тусламжийг яаралтай үзүүлэх шаардлагатай байгаа тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) хамтарсан тайланд дурдсан байна.
Тайлангаас үзвэл, ялангуяа Йемен, Өмнөд Судан болон Нигерийн хойд бүс нутгуудын байдал хүнд байгаа бөгөөд зарим иргэд нь аль хэдийн өлсгөлөнд нэрвэгдсэн эсвэл өлсгөлөнд нэрвэгдэх аюулд оржээ.
“Ийм асуудалтай тулгараад байгаа улс орнуудын ихэнх нь Африкт оршдог боловч хүнсний хурц хомсдолд орох аюул Ази /Афганистан/, Ойрхи Дорнодоос /Сири, Ливан/ эхлээд Латин Америк, Карибын тэнгисийн сав газар /Хаити/ хүртэл дэлхийн ихэнх бүс нутагт нүүрлээд байна. Өдгөө хэдийнээ 34 сая хүн хоол хүнсний хурц хомсдолд орох аюулын ирмэгт тулаад байгаа бөгөөд өөрөөр хэлбэл туйлын өлсгөлөнд нэрвэгдэхэд нэг алхам дутуу байна” гэж тайланд дурджээ.
2021 оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд “өлсгөлөнгийн голомтуудад” байдал дордож болзошгүй байгаа бөгөөд үүнд зэвсэгт мөргөлдөөнүүд, коронавирусний цар тахал, цаг агаарын үзэгдлүүд нөлөөлж байгаа аж.
"Бидний нүдэн дээр сүйрэл болж байна. Зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг, COVID-19 цар тахлын үр дагавраас үүдэлтэй өлсгөлөн сая сая гэр бүлийн хаалгыг тогшиж байна" гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Дэвид Биасли хэллээ. Яаралтай тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хандивлагч орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг тэрээр онцлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.