Майк Тайсон, Эвандер Холифилд тулаанаа тавдугаар сарын 29-нд хийхээр болжээ.
Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргууд асан Майк Тайсон, Эвандер Холифилд нар гурав дахь тулаанаа тавдугаар сарын 29-нд хийхээр болжээ. Энэ тухай Майк Тайсан “Haute Living” зочид буудлын “Instagram” хуудсаар мэдэгдсэн байна.
Холифилдтэй гурав дахь удаагаа тулалдахаас Тайсон татгалзсан гэж Холифилдийн менежер Крис Лоуренс өмнө нь мэдээлж байсан юм.
"Холифилдтэй хийх тулаан болно гэдгийг би бүгдэд мэдэгдэхийг хүсэж байна. Холифилд бол даруухан залуу, тэр над шиг бурханд итгэдэг. Би тавдугаар сарын 29-нд амжилтад хүрэхийг хүсэж байна. Одоо гэрээнд байгаа зарим заалтыг өөрчлөх л үлдлээ, тэгвэл бид гурав дахь тулааныг үзнэ" гэж Тайсон хэлжээ.
Тулаан хаана болох нь тодорхойгүй байна. Тайсон, Холифилд нарын тулааныг зохион байгуулахад Оросын промоутерууд оролцож магадгүй гэж өмнө нь мэдээлж байв.
Холифилд, Тайсон нар өмнө нь хоёр удаа тулалдсан бөгөөд хоёуланд нь Холифилд ялсан юм. 1996 онд болсон эхний тулаанд Тайсон 11 дүгээр үед хүнд цохилтоор ялагдсан бол 1997 онд хоёр дахь тулааны үеэр өрсөлдөгчийнхөө чихийг хоёр удаа хазаж, хасагдсан билээ.
Өдгөө 54 настай Майк Тайсон 58 тулаан хийхдээ 50 удаа ялж /44-т хүнд цохилтоор/, 10 ялагджээ. Тэрбээр хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга, Дэлхийн боксын зөвлөл (WBC), Дэлхийн боксын холбоо (WBA), Олон улсын боксын холбооны (IBF) бүсийг эзэмшиж байв. Тайсон өнгөрсөн оны 11 дүгээр сард Рой Жонстой үзүүлэх тулаан хийж, тэнцээгээр өндөрлөсөн юм.
Холифилдын хувьд Дэлхийн боксын зөвлөл (WBC), Дэлхийн боксын холбоо (WBA), Олон улсын боксын холбоо (IBF) -ны дэлхийн аварга цолыг эзэмшиж байжээ. Өдгөө 58 настай тэрбээр хүнд, үнэмлэхүй хүнд жингийн дэлхийн анхны үнэмлэхүй аварга болж байсан бөгөөд түүнийг “The Ring” сэтгүүлээс оны шилдэг боксчноор гурван удаа (1987, 1996, 1997) шалгаруулж байв. Холифилд нийт 57 тулаан хийхдээ 44 ялж /29 удаад нь хүнд цохилтоор/, 10 ялагдсан байна. Тэрбээр хамгийн сүүлд 2012 онд дэвжээн дээр гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.