Британи дахь Мьянмарын ЭСЯ-ны ажилтнууд элчин сайдынхаа эрх мэдлийг булаан авчээ,
Британийн нийслэл Лондон дахь Мьянмар улсын элчин сайдын яамны ажилтнууд элчин сайдынхаа эрх мэдлийг булааж, сайдаа яамандаа оруулахгүй дотроос нь түгжжээ. Мьянмарын элчин сайдын яамны цэргийн атташе элчин сайд Кяав Звар Миннийг цаашид Мьянмар улсыг төлөөлөхгүй болсон тус элчин сайдын яамнаас явахыг хүссэн юм байна.
Мьянмарын элчин сайд Минн төрийн эргэлт хийсэн цэргийнхэнтэй зөрчилдөж, гэрийн хорионд орсон Аун Сан Су Чи-тэргүүтэй ардчилсан засгийн газрын төлөөлөгчдийг суллахыг шаардаж, улс орон нь иргэний дайны ирмэг дээр ирлээ гэж BBC-д ярилцлага өгч байжээ. Тэрбээр “би элчин сайдын яамны байрандаа орж чадахгүй боллоо. Энэ бол Лондон хотын төвд гарсан нэг төрлийн төрийн эргэлт юм. Яамны байр эзлэгдсэнийг та бүхэн харж байна” гэж Ройтерсийн сэтгүүлчид ярьжээ.
Өрнөдийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэрбээр Британийн гадаад харилцааны яамтай үүссэн нөхцөл байдлын талаар зөвлөлдөж байгаа юм байна. Британийн гадаад харилцааны яам ч Лондон дахь Мьянмарын элчин сайдын байдлыг тодруулахаар дипломат шугамаар хөөцөлдөж байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Британид амьдардаг Мьянмарын иргэд элчин сайдын яамныхаа гадна цугларч, цэргийнхэн элчин сайдын эрх мэдлийг булааж авсныг эсэргүүцэж байгаа юм байна.
Лондонгийн цагдаа нар элчингийн гаднах байдлыг хянаж байна. Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн 2 дугаар сарын 1нд төрийн эрхийг булаасан. Үүнээс хойш Мьянмарын ард иргэд эсэргүүцлийн жагсаал тасралтгүй хийж, Мьянмарын дипломатууд, алдартнууд цэргийнхнийг төрийн эрх мэдлийг ардчилсан засагт эргүүлж өгөхийг шаардсаар байна. Тус улсад төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын хугацаанд 570гаруй хүн амь насаа алдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.