АНУ ОХУ-ын дипломатуудыг нутаг буцааж, Москвагийн эсрэг хориг зарлаж магадгүй
АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын дипломат албан тушаалтнуудыг нутаг буцаах, хориг арга хэмжээ авах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ. Вашингтон ОХУ-ыг ерөнхийлөгчийн сонгуульд нь хөндлөнгөөс оролцож, цахим халдлага хийх зэргээр дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, шинэ засаг захиргаа зохих хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.
Саяхан АНУ-ын тагнуулын байгууллага Оросыг сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, цахим халдлага хийж олон талын мэдээлэл хууль бус арга замаар олж авсан гэх тайлан гаргаж, уг тайланд Байдены засаг захиргаа дүн шинжилгээ хийж дуусжээ. Вашингтон дипломат албаны нэрээр халхавчлан Америк дахь Оросын ЭСЯ-нд ажиллаж байгаа тагнуулын ажилтнуудыг нутаг буцааж магадгүй тухай Өрнөдийн хэвлэлд мэдээлснийг ТАСС иш татжээ.
Блумбергийн мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Байден болон түүний гадаад бодлогын баг Ираны цөмийн гэрээнд эргэн нэгдэх, зэвсгийн хяналтын тухай хэлэлцээг сэргээх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг нэн тэргүүний зорилтууддаа Оросын дэмжлэгийг авах чармайлт гаргах зуураа Москваг ямар байдлаар шийтгэх вэ гэдгээ дүгнэж цэгнэж байгаа аж. ОХУ-ын эрх баригчид Америкийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөөгүй, цахим халдлагад ямар нэгэн байдлаар оролцоогүй гэж өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлүүдэд удаа дараа няцаалт хийсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.