Сүүлийн 10 жилийн хугацаанд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо багассан
Өнгөрсөн онд дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн тухай “Amnesty International” төрийн бус байгууллагын тайлан мэдээнд дурджээ.
Тус байгууллагын жил тутмын судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд 483 хүнийг цаазалсан байна. Харьцуулалт хийхэд үүнээс жилийн өмнө 657 хүнийг цаазалсан бол 2015 онд энэ үзүүлэлт 70 хувиар илүү буюу 1634 байжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо багассан нь Саудын Арабад энэ үзүүлэлт 85 хувиар буурсантай холбоотой юм. Өнгөрсөн онд тус улсад 27 хүнд цаазын ял гүйцэтгэсэн бол 2019 онд энэ үзүүлэлт 184 байжээ. Харин Иракт цаазын ялын гүйцэтгэлийн тоо 100-45 болж буурсан бол Бахрейн, Беларусь, Пакистан, Сингапур, Судан, Японд цаазаар авах ялын гүйцэтгэлийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Цаазаар авах ял оногдуулах нь багасжээ
Үүний зэрэгцээ цаазын ял оногдуулсан тохиолдол өнгөрсөн онд 1477 байсныг 2019 оныхтой харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт байжээ. Ийм ял шийтгэл оноодог улс орнуудын тоо 54-30 болж буурсныг хүний эрхийг хамгаалагчид цохон тэмдэглэжээ. Тийнхүү өөрчлөгдсөнийг “Amnesty International” байгууллага цар тахлын улмаас олон улс оронд шүүхийн үйл ажиллагаа саатсантай холбон тайлбарлажээ.
Хоёр улсад эсрэгээрээ цаазын ялын тоо нэмэгдсэн хандлага ажиглагджээ. Тодруулбал Индонезид өнгөрсөн онд 117 хүнийг цаазаар авсан нь 2019 оныхтой харьцуулахад 37-гоор илүү байсан бол Замбид 119 тохиолдол бүртгэгдсэн нь 18-аар илүү үзүүлэлт байв.
Цаазын ялыг хаана хамгийн их хэрэглэдэг вэ
Цаазын ял ногдуулж, гүйцэтгэсэн тоогоор Хятад нэгдүгээрт орсон хэвээр байна. Улсын нууцад тооцогддог учраас тус улсад хэчнээн хүнийг цаазаар авсан нь тодорхойгүй байдаг байна. Гэсэн хэдий ч тус улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо хэдэн мянгаар тоологдоно гэдгийг “Amnesty International” байгууллага цохон дурджээ. 2020 онд хамгийн олон хүнд цаазын ял оноож, гүйцэтгэсэн орнуудын жагсаалтад Хятадын дараагаар Иран, /хамгийн багадаа 246/, Египет /107/, Саудын Араб болон Ирак улс /хамгийн багадаа 45/ оржээ. Энэ дөрвөн улсад өнгөрсөн онд дэлхий дахинд гүйцэтгэгдсэн нийт цаазын ялын 88 хувь нь хэрэгжжээ.
Хятадаас гадна БНАСАУ, Сири, Вьетнамд хэчнээн хүнийг цаазаар авсан талаарх мэдээллийг олж авах боломж хязгаарлагдмал байдгийг “Amnesty International”-ийн тайлан мэдээнд дурдсан байна.
АНУ сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа Холбооны улсын хэмжээнд шийтгэгдсэн гэмт хэрэгтний цаазаар авах ялыг өнгөрсөн онд гүйцэтгэж, үүнээс хойш таван сар гаруй хугацаанд холбооны түвшинд өөр 9 хүнийг цаазалжээ. Түүнчлэн муж улсын түвшинд 7 хүнд цаазын ялыг гүйцэтгэсэн байна.
Цаазын ял гүйцэтгэсэн тоогоор АНУ 6 дугаарт жагсаж, араас нь Сомали, Йемен, Энэтхэг, Оман, Ботсвана, Өмнөд Судан, Тайвань, Катар зэрэг улс жагсжээ.
Тайланд дурдсанаар, одоогоор 108 улс цаазын ялыг бүрэн халсан бол 55 улсад хэрэгжсэн хэвээр байна.
“Ийм төрлийн шийтгэлээс татгалзаагүй улс орны удирдагчдад бид 2021 оныг улсын зөвшөөрлөөр аллага үйлдэх явдалд цэг тавьсан жил болгохыг уриалж байна. Бүгд хамтдаа цаазын ялыг халах хүртэл бид кампанит ажлаа үргэлжлүүлсээр байх болно” хэмээн “Amnesty International” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламар ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.