Дан ганц вакцин цар тахлыг зогсоож чадахгүй
Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “Ковид-19” халдварын 5.2 сая гаруй тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо сүүлийн найман долоо хоног дараалан өссөн үзүүлэлттэй байна. Мөн халдвараар нас барсан тохиолдлын тоо таван долоо хоног дараалан өсөж, гурван саяд хүрчээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, дэлхий даяар халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо есөн сарын хугацаанд нэг саяд, дөрвөн сарын хугацаанд хоёр саяд, гурван сарын дотор гурван саяд хүрснийг дурдаад, ийнхүү нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн түүний мэдээлснээр, сүүлийн үед 25-59 насныхан халдвар авах, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд үүнд коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбаруудаас гадна хүмүүс нэг дор олноороо цуглаж буй нь нөлөөлсөн байж магадгүй ажээ. Тиймээс ДЭМБ-ын “Ковид-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове бөөнөөр цугларахаас зайлсхийх, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн вирусний тархалтыг бууруулахын тулд шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллахыг зөвшөөрөхийг Засгийн газруудад уриалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.