Владимир Путин жил тутмын илтгэлээ тавилаа.

Владимир Путин жил тутмын илтгэлээ тавилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 21-ний лхагва гарагт Холбооны хурал буюу парламентдаа жил тутмын илгээлтээ хүргэлээ.

Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын төрийн тэргүүн жил бүр Холбооны хуралд улс орны байдал, дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн талаар илтгэл тавьдаг.

Энэ жил түүний илтгэлийн ихэнх хэсэг нь улс орны хөгжил, хүн ам зүй, иргэдэд үзүүлэх нийгмийн дэмжлэгийн арга хэмжээнд зориулагдсан байв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлт 1 цаг 18 минут үргэлжиллээ.   

Уламжлал ёсоор Холбооны хурлын хоёр танхимын төлөөлөгчид болон бусад уригдсан зочид В.Путиний илтгэлийг сонслоо. Кремль Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн дарга нар, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв хорооны дарга, Тооцооны танхимын тэргүүн, ОХУ-ын бүс нутгуудын удирдлагууд болон Оросын Олон нийтийн танхимын төлөөлөгчдийг урьдаг. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гол мэдэгдлүүдийг хүргэе.

Цар тахлын тухайд

  • Цар тахлын эхэн үе "туйлын эргэлзээтэй" байсан боловч ОХУ-ын Ерөнхийлөгч сорилтыг даван туулна гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй гэв.
  • ОХУ-д иргэд нь, нийгэм нь, төр засаг нь хариуцлагатай, эв санааны нэгдэлтэй ажилласан бол, цар тахалтай тэмцсэн сая сая оросууд шуурхай, үр дүнтэй, ухамсартай ажиллалаа. Оросын эрдэмтэд жинхэнэ эргэлт хийсэн бөгөөд одоо Орос улс коронавирусний гурван найдвартай вакцинтай боллоо. Сүүлийн жилүүдэд хүрсэн эдгээр болон бусад олон ололт амжилт нь улс орны шинжлэх ухаан, технологийн чадавх улам өсөн нэмэгдэж буйн шууд илрэл юм.
  • Коронавирусийг хараахан ялан дийлээгүй байгаа бөгөөд аюул учруулсан хэвээр байгаа тул эмчийн зөвлөмжийг маш хариуцлагатай дагаж мөрдөх ёстой.
  • Одоо вакцинжуулалт чухал ач холбогдолтой болж байна, намар гэхэд сүргийн дархлаа тогтоохын тулд вакцин хийлгэх боломжийг газар сайгүй бүрдүүлэх шаардлагатай.  

Хүн ам зүйн тухайд

  • ОХУ-ын хүн амын салбарт онцгой байдал үүссэн. Хүн амыг дахин тогтвортой өсгөж, 2030 он гэхэд дундаж наслалтыг 78-д хүргэх шаардлагатай байна.
  • Тухайлбал, зүрх судасны өвчин гэх мэт нас баралтын гол шалтгаан болсон өвчнүүдтэй тэмцэх нэмэлт арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.
  • Долоодугаар сарын 1-нээс бүх насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Аялал жуулчлалын салбарт төлбөрийг буцаан олгох хөтөлбөрийг он дуустал сунгана.
  • Хүүхдүүдээ зусланд амрааж байгаа эцэг эхчүүдэд зардлын талыг нь буцааж өгөх хэрэгтэй. Мөн оюутны аялал жуулчлалын системийг зохион байгуулах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн тогтолцооны тухайд

  • Дэлхийн эрүүл мэндийн систем хувьсгалын ирмэг дээр байгаа бөгөөд Орос улс үүнийг харалгүй өнгөрч болохгүй, дотоодын анагаах ухааныг шинэ технологийн бааз дээр тулгуурлах байгуулах хэрэгтэй.
  • 2021-2023 онд дахин 5 мянган түргэн тусламжийн машиныг хөдөө орон нутагт илгээнэ. Энэ нь автомашины паркийг бүрэн шинэчлэх боломжийг олгоно.

Үнэ болон бизнесийг дэмжих талаар

  • Цар тахал дэлхий даяар хүмүүсийн аж амьдралд нөлөөлсөн бөгөөд энэ нь Орос төдийгүй бүх улс орны хувьд хүнд сорилт болж байна. Эрх баригчдын гол үүрэг бол иргэдийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх юм.
  • Ялангуяа үнэ өсөхийн хэрээр орлого буурдаг, үүнийг зах зээлийн аргаар зохицуулах нь Засгийн газрын үүрэг юм.
  • Засгийн газар 2021 оны эцэс гэхэд хөдөлмөрийн зах зээлийг сэргээж, нэг сарын дотор жижиг, дунд бизнесийг дэмжих шинэ арга хэмжээгээ танилцуулах ёстой.
  • 2021 оны эцсээр татварын хууль тогтоомжийг "дахин засах" тухай шийдвэр гарна.
  • Эдгээр бүх арга хэмжээ нь бизнесийн ашгийг хөрөнгө оруулалт болгон хувиргах ёстой. Эрх баригчид ногдол ашгаа буцааж авах бус хөрөнгө оруулсан хүмүүсийг урамшуулна.

Шинэ тэтгэмжүүдийн тухайд

  • Төрөөс долоодугаар сарын 1-ний дотор хүүхэдтэй гэр бүлийг дэмжих цогц тогтолцоог бий болгох ёстой. Долоодугаар сарын 1-нээс эхлэн 8-16 насны хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд сард 5650 рублийн тэтгэмж олгоно.
  • Хүнд хэцүү нөхцөлд буй жирэмсэн эмэгтэйчүүдэд тэтгэмж олгоно. Тэтгэмжийн хэмжээ сард 6350 рубль байх бөгөөд жирэмсний зургаа дахь долоо хоногийн дараагаас олгоно.
  • Түүнчлэн сургуулийн насны бүх хүүхэд болон нэгдүгээр ангид орох хүүхдүүдэд энэ жилдээ 10 мянган рубль олгоно. Нэгдүгээр ангид орох хүүхдүүдэд энэхүү тэтгэмжийг дараагийн жилүүдэд үргэлжлүүлэх нь зүйтэй.

Боловсрол, соёлын тухай

  • ОХУ-д 1300 сургууль нэмж барина. Сургуулийн автобус худалдаж авахад нэмэлт хөрөнгө хуваарилна.
  • Техникум, коллежийн кураторуудад олгодог нэмэгдлийн хэмжээг 5000 рубль болгоно. Одоогоор сургуулийн анги удирдсан багш нарт ийм хэмжээний нэмэгдэл олгож байгаа юм.
  • Ирэх хоёр жилд их дээд сургуулиудад төсвөөс санхүүждэг 45000 орон тоог нэмж бий болгох бөгөөд үүний 70 хувийг бүс нутгуудад бий болгоно. "ОХУ-тай адил дээд боловсролыг ийм өргөн хүрээнд үнэ төлбөргүй эзэмшдэг улс дэлхийд нэг ч байхгүй."
  • 2021-2024 онд бүс нутгуудад доод тал нь 100 их сургуулийг хөгжүүлэхэд 116.2 тэрбум рубль хуваарилна.
  • Соёлын санаачилгыг дэмжих Ерөнхийлөгчийн сан байгуулж, урлаг, уран бүтээлийн төслүүдэд буцалтгүй тусламж олгоно. 2021 онд энэхүү сангаар дамжуулан 3.5 тэрбум рублийн буцалтгүй тусламжийг олгоно.

Бүс нутгуудыг дэмжих талаар

  • Засгийн газар зургаадугаар сарын 1-ний дотор бүс нутгуудын санхүүгийн байдлыг урт хугацаанд хэрхэн тогтвортой байлгах талаар саналаа ирүүлэх ёстой.
  • Одоогоор их хэмжээний өртэй бүс нутгуудыг дэмжих чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авна.
  • Орлогынх нь 25 хувиас давсан арилжааны өрийг 2029 он хүртэл барагдуулах хугацаатай төсвийн зээлээр солино. Хугацаа нь дуусаж байгаа төсвийн зээлийг сунгана.
  • Түүнчлэн бүс нутгуудад 500 хүртэлх тэрбум рублийн дэд бүтцийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай олгоно. Бүс нутгийн өр бага байх тусам илүү их хэмжээний зээл авах боломжтой.

Олон улсын ашиг сонирхол болон аюулгүй байдал

  • Олон улсын улс төрд Москва бусад орон илт бүдүүлэг хандаж байгааг үл харгалзан "дээд зэргээр хүлээцтэй" байдаг.
  • ОХУ бүх улстай сайн харилцаатай байхыг эрмэлздэг бөгөөд “гарц гүүрүүдийг галдан шатаах гээгүй”, гэхдээ зайлшгүй шаардлагатай үед хариу арга хэмжээг “яг адилхан, хурдан бөгөөд хатуу" авах болно. Үүний зэрэгцээ Орос улс бусад улстай харилцах улаан шугамыг тохиолдол бүрт өөрөө тодорхойлно.
  • ОХУ Зэвсэгт хүчнээ бэхжүүлсээр байна. Тухайлбал, “цөмийн гурвал”-д орчин үеийн технологийн эзлэх хувь 2021 оны эцэс гэхэд 90 хувьд ойртоно.
  • Үүний сацуу Москва дэлхийн тогтвортой байдлын төлөө байгаа бөгөөд дэлхий даяар "аюулгүй байдлын тэгшитгэл" бий болгохыг санал болгож байна.

Эцэст нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин иргэддээ дахин хандаж, тавьсан бүх зорилтоо хамтдаа биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.