ОХУ-ын 150 орчим мянган цэрэг Украины хилийн ойролцоо байрлаж байгаа гэв.
ОХУ сүүлийн үед баруун хилийнхээ дагуу Украин болон Крымын хилийн ойролцоо 150 орчим мянган цэргээ байрлуулаад буй тухай Европын холбооны дипломатч мэдэгджээ. Европын холбооны гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жозеф Боррелл "ОХУ урьд өмнө нь хэзээч ийм олон мянган цэрэг байрлуулж байгаагүй. Энэ бол ОХУ Украины хил дээр хамгийн олон цэрэг байрлуулсан тохиолдол" хэмээн тэрбээр Европын холбооны гадаад хэргийн сайд нарын виртуал уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ онцолжээ.
Мөн тэрбээр “Одоогоор Украины хил болон Крымын ойролцоо Оросын 150 мянга гаруй цэрэг байрлаад байна. Цаашид энэ тоо өсөх нь тодорхой” гэжээ. Жозеф Боррелл мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын улмаас Донецк болон Луганск мужид 2014 оноос хойш 14000 гаруй хүн амиа алдсан. Тус бүс нутагт сөргөлдөөн эхлүүлэхэд ердөө багахан “оч” л байхад хангалттай гэдгийг анхааруулав.
Кремль Украины хилийн ойролцоо цэрэг байрлуулж буйгаа үүсэж болзошгүй эрсдлээс хамгаалах зорилготой хэмээн тайлбарлаж буй. Гэвч Оросын сүүлийн үед хэрэгжүүлж буй алхамууд Киев болон Украины холбоотнуудын дунд түгшүүр төрүүлж, НАТО тэргүүтэй эвслийн зарим гишүүн орнууд, тэр дундаа АНУ, Герман, Францаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж хил дээр байрлуулсан цэргээ буцаахыг уриалах болсон билээ. Украин одоогоор НАТО-гийн гишүүн биш, холбоотон юм. Киев Москвагийн харилцаа дахин хурцадмал байдалд хүрсэн нь энэ оны эхээр Кремлийн цор ганц шүүмжлэгч Алексей Навальныйг шоронд хорьсны дараа аль хэдийнээ хүйтрээд байсан Орос болон барууны орнуудын харилцааг улам бүр дордуулж буйг судлаачид онцолж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.