Олон улс Энэтхэгт ТУСЛАМЖ үзүүлж эхэллээ.
Энэтхэгт сүүлийн дөрвөн өдөр дараалан хоногт 300 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилсөн билээ. 24 цагийн хугацаанд 2000 гаруй хүн ковидийн улмаас нас барж байгаа энэ улсын нөхцөл байдал маш хүнд болсон. Тэгвэл олон улсын зүгээс Энэтхэгт тусламж үзүүлж эхэлжээ.
Их Британийн Засгийн газар л гэхэд эмнэлгийн хэрэгсэл илгээсэн талаар тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид Энэтхэг улсад ковидын хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст туслах эмнэлгийн хэрэгслийн эхний хэсгийг илгээлээ” гэжээ.
Энэтхэгийн гурван мужид мутацид орсон коронавирус илэрсэн байна. Тус улсад нас баралт болон халдвар өндөр байж, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл ирэх тавдугаар сард халдвар өдөрт 500 мянгаараа бүртгэгдэж, эмнэлгүүд хүчилтөрөгч, эм, орны хомсдолд орох аж.
Тэгвэл Франц улсаас Энэтхэг рүү хүчилтөрөгчийн тоног төхөөрөмжүүд илгээхээ мэдэгджээ. Елисейн ордны захиргааны төлөөлөгч “Бид ойрын өдрүүдэд тусламжийн барааг илгээнэ” гэсэн байна.
АНУ Энэтхэгт цар тахалтай тэмцэхэд нь тусалж эм, түргэвчилсэн шинжилгээний оношлуур, уушги дэмжих төхөөрөмж болон хамгаалалтын хэрэгслүүдийг яаралтай илгээнэ гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливаны мэдэгдсэнээр АНУ Энэтхэгт AstraZeneca компанийн Ковишилд вакциныг үйлдвэрлэх түүхий эдээр хангах төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.