АНУ Энэтхэг улсад нэмэлт тусламж үзүүлнэ

АНУ Энэтхэг улсад нэмэлт тусламж үзүүлнэ

Коронавирусний халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчид Энэтхэг улсад нэмэлт тусламж үзүүлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.

“Энэтхэгт коронавирусний халдварт өвчний тохиолдол огцом ихсэж байгаад бид маш их санаа зовниж байна. Бид Энэтхэгийн Засгийн газрын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, тус улсын оршин суугчид, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад яаралтай тусламж үзүүлнэ” хэмээн тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас барж, үүний улмаас гурав дахь өдрөө дарааллан өдөрт илэрсэн халдварын болон нас барсан тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа аж.  

Бямба гарагт тус улсад 346 786 шинэ тохиолдол илэрснээр, гурван өдрийн дотор бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо нэг сая орчимд хүрчээ. Түүнчлэн Дели хотын эмнэлэгт хүчилтөрөгч дутагдсаны улмаас 20 хүн нас барсан байна. 

“BBC” агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Засгийн газар халдварт өвчинд илүү нэрвэгдсэн бүс нутгуудад хүргэлт хийхийн тулд агаарын цэргийн хүчнийхнийг тараан байршуулж буйгаа мэдэгдсэн байна. Нас барсан тохиолдлын тоо тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 2624-өөр нэмэгджээ. 

Энэтхэгийн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ, коронавирусний улмаас учирч болох хор уршгийг эргэн санууллаа гэжээ. 

Оны эхээр Энэтхэгийн Засгийн газар вирусийг дарж чадсан гэж үзэж байсан юм. Хоёрдугаар сарын дундуур халдварын тохиолдлын тоо 11 мянгаар буурч, вакцин экспортолж байсан Энэтхэг улсад цар тахлын төгсгөл ирэхэд ойрхон байна гэж Эрүүл мэндийн сайд нь мэдэгдэж байсан юм. 

Гэсэн ч коронавирусний шинэ хувилбаруудаас гадна мөргөлчид олон саяараа цугларсан “Кумбха Мела” их наадам зэрэг арга хэмжээний улмаас цар тахлын давлагаа дахин дэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.