NASA-гийн дрон Ангараг гарагийн тэнгэрт гурав дахь удаагаа нислээ.
NASA-гийн Ingenuity дрон Ням гарагт Ангараг гарагийн тэнгэрт гурав дахь удаагаа нисжээ.
Энэ удаа тэр өмнөхөөсөө өндөр, хол ниссэн байна. Үүнээс гадна нислэгийн хурд нь дэлхий дээр туршиж байснаас илүү өндөр байсныг NASA мэдээлжээ.
Тодруулбал Ingenuity дрон 5 метр өндөрт хөөрч, 50 метр хол зам туулахдаа 80 секунд зарцуулсан байна. Нислэгийн хурд дээд тал нь секундэд 2 метр хүрчээ.
Пүрэв гарагт хоёр дахь нислэгээ үйлдэхдээ Ingenuity хоёр метр гаруй зайг 51.9 секундэд туулсан юм.
Харин дөрөвдүгээр сарын 19-нд үйлдсэн анхны нислэгээрээ 39 секундын хугацаанд гадаргаас 3 метрийн өндөрт хөөрөөд буусан юм. Ийнхүү Ingenuity дрон алхам алхмаар аялалаа уртасгасаар байна.
Цаашдаа NASA техникийн хүчин чадлынхаа хязгаарт тултал турших зорилготой байгаа.
Дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт анх удаа нисгэхээр бүтээсэн NASA-гийн дрон хоёрдугаар сарын 18-ны өдөр Perseverance судалгааны робот станцын эх биед тээгдэн Ангарагт хүрсэн юм.
Ingenuity дрон нь Ангарагийн маш сийрэг агаар мандалд нисэх туршилтуудыг явуулах үндсэн зорилготой. Энэ туршилтын үр дүнг ашиглан цаашдаа бусад гараг эрхсийн тэнгэрт дрон нисгэж, агаараас судалгаа явуулах боломж нээгдэх юм. Ingenuity дроны дөрөв дэх нислэгийг ойрын өдрүүдэд зохион байгуулахаа NASA мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.