Япон “COVID-19”-ийн “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байна

Япон “COVID-19”-ийн “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байна

Япон “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийг олон улсад зорчихыг нь хялбаршуулах үүднээс “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү паспортыг ухаалаг гар утасны хавсралт хэлбэрээр гаргах төлөвтэй байгаа бөгөөд аялагчид нисэх онгоцонд суухын өмнө юм уу аливаа улсын хилээр нэвтрэхээсээ өмнө “QR” кодыг нь уншуулах ажээ.

Ингэснээр Засгийн газар Европын Холбоо, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо, БНХАУ зэргийн жишгийг даган цар тахлын улмаас бараг бүхэлдээ зогсоод буй бизнес аяллыг сэргээхийг эрмэлзэж байна.

“Дэлхийн олон орон вакцины паспортыг гаргаж байгаа учраас манай улс ч мөн үүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ” гэж Японы Вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Коно Таро лхагва гарагт болсон парламентын хурлын үеэр хэлжээ.

Өмнө нь тэрбээр вакцинжуулалтын гэрчилгээ шаардах нь харшлын хариу урвал, гаж нөлөөний улмаас вакцин хийлгэх боломжгүй, хийлгэх хүсэлгүй байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхахад хүргэж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.

Харин ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд паспортод полимеразын гинжин урвал, антигений шинжилгээний хариу сөрөг гарсныг мөн харуулна гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү паспортыг дотоодод хэрэглэх төлөвгүй байна.

Японд мягмар гаргийн байдлаар 2.3 сая орчим хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсний дийлэнх нь эмнэлгийн ажилтнууд байна. Одоогоор тус улсын хүн амын хоёр хүрэхгүй хувь нь вакцин хийлгээд байгаа нь Израил, Их Британи, АНУ зэрэг иргэдээ түргэн хугацаанд вакцинжуулж буй орнуудтай харьцуулахад нэлээн сул үзүүлэлт юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.