БНСУ-д вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөнө
Ирэх сараас эхлэн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн иргэд заавал хамрагдах 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой хэмээн БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагууд лхагва гарагт мэдэгджээ.
Тавдугаар сарын 5-наас хойш коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцаатай байсан болон эх орондоо эргэн ирсэн иргэд вакциндаа бүрэн хамрагдсан бол өөрийгөө тусгаарлах шаардлагагүй аж. Одоогоор БНСУ-д өвчтөнтэй ойрын хавьтал болсон хүмүүст 14 хоног өөрийгөө тусгаарлах дэглэм үйлчилж байгаа юм.
Вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой хэдий ч 14 хоногийн хугацаанд ажиглалтад байх бөгөөд энэ үедээ хоёр удаа шинжилгээ өгөх ёстой аж. Түүнчлэн энэхүү шинэ журам нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа иргэдэд үйлчилнэ.
БНСУ хоёр тунт “Pfizer”, “AstraZeneca” вакциныг хэрэглэж байгаагаас гадна “Johnson & Johnson” вакцинд зөвшөөрөл олгосон бол “Moderna”, “Novavax”-н вакцинуудад хэрэглэх зөвшөөрөл хараахан олгоогүй аж. Түүнчлэн Оросын “Спутник V”, Хятадын “Sinofarm” зэрэг БНСУ-д зөвшөөрөгдөөгүй вакцинаар тариулсан иргэдэд шинэ журам үйлчлэхгүй юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.