ДЭМБ: “Moderna” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Америкийн “Moderna” компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.
ДЭМБ коронавирусний тав дахь вакциныг бүртгэж буй нь энэ юм. Тус байгууллага өмнө нь “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Serum” хүрээлэн, “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон юм.
ДЭМБ ийм зөвшөөрлийг чанар, аюулгүй байдал, үр дүнгийн үнэлгээнд нийцсэн вакцинуудад олгодог бөгөөд ийнхүү бүртгэх нь зарим улс оронд аливаа вакцинд зөвшөөрөл олгох үйл явцаа түргэсгэхэд нь тус нэмэр болдог. ДЭМБ “Moderna”-гийн вакциныг бүртгэхээс өмнө АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн орон уг вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.
ДЭМБ-ын мэдээлснээр, “Moderna”-гийн вакцины хадгалах горим нь нэмэлт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бууруулах боломжтой ажээ. Тодруулбал, уг вакциныг 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой гэдгийг “Moderna” компани мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.