Ямар үед аман дотор юм гардаг вэ?
Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ.
Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр ч гарч болно. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа гарах нь элбэг. Өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг. Афт шарх гарах шалтгаан нь тодорхой бус боловч үндэс суурь нь биеийн дархлаа буурах явдал юм.
Мөн эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг нь дааврын шалтгаантай хүчин зүйлстэй холбоотой. Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал
1. Сөрөг стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
2. Амны салстын гэмтэл ( хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз)
3. Эрдэс, амин дэм дутагдал (Витамин В12, төмөр, фолийн хүчил гм)
4. Зарим хүнс ба хүнсний харшил (шоколад)
5. Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
6. Зарим эм химийн бодис (ам зайлагч, шүдний оо) зэрэг болно.
Мөн дархлааны өөрчлөлттэй холбоотой суурь өвчинүүд болон ДОХ-ын үед афт гарах нь олон. Шинж тэмдэг Афтыг хэмжээгээр нь жижиг, том, нийлмэл гэж 3 хэлбэрт хувааж үздэг. 1 см хүртэлх хэмжээтэй шархыг жижигт тооцно. Ихэвчлэн нэг удаад нэг л афт гардаг боловч цөөн тохиолдолд хэд хэдэн шарх зэрэг гарах нь бий. Шарх 7-14 хоногийн дотор сорви үлдэхгүйгээр эдгэрдэг. 1см -с дээш хэмжээтэй афтыг том шарханд хамруулна. Том шарх ихэнхдээ нэг юмуу хоёроороо гарна. Том талбай хамарсан учир маш их өвдөлттэй, хоол идэхэд ихээхэн зовиуртай, эдгэрэлт удаан, 14 хоногоос хэдэн сараар үргэлжилж, сорви тогтож эдгэрнэ. Нийлмэл хэлбэрийн шарх гэдэг нь олон тооний жижиг (1-2мм) шархнууд нэг доор бөөгнөрөн гарахыг хэлэх бөгөөд 7 хоногоос 2 сар хүртэл үргэлжилнэ.
Нийт афт шархны тохиолдлуудийн дийлэнхийг (80%) жижиг афт эзэлдэг. Афт ихэвчлэн 10- 40 насныханд гарах ба зарим хүмүүст нэгээс хоёр хоногийн өмнө шарх гарах тэр хэсэг газарт чимчигнэж, халуу оргиж мэдрэгдэнэ.
Нас ахих тусам дахилт нь цөөрдөг. Ихэнх хүмүүст цөөн, жижиг шарх үүсдэг тул эмчид үзүүлэх, тусгайлан эм хэрэглэх шаардлагагүй, аяндаа эдгэрнэ. Өвдөлтийг сэдээхгүйн тулд халуун, хурц амтлагчтай, шорвог хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн шингэн зүйл уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй. Олдоцтой бол амны шархны үед хэрэглэдэг өвдөлт намдаах үйлчилгээтэй тос, гель, ам зайлагч зэрэг олон төрлийн бүтээгдхүүнээс хэрэглэж болно. Зөгийн бал түрхэх, өвдөлт намдаах эм уух, ариутгагч уусмалаар амаа зайлах зэрэг арга хэмжээ авч болно.
Харин антибиотик хэрэглэх шаардлагагүй.
Мэдээж шарх том,олон тоотой, өвдөлт ихтэй бол бол эмчид хандаж нэмэлт зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээ эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Эцэст нь хамгийн гол сэдрээгч болдог ажлын ачаалал, стрессээ зохицуулж нойр хоол сайтай, шингэн зүйлээ сайн ууж байх нь чухал гэдгийг битгий мартаарай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.