Токиогийн Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулна
Токиогийн Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулна гэдгээ Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах даваа гарагт дахин нотолжээ. Харин Японы хоёр нэртэй теннисчин энэ талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Т.Бах мэдэгдэл хийх үеэрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майкл Райаны хэлсэн үгийг эш татжээ. Тэрбээр, “ОУОХ, Токиогийн Олимпыг зохион байгуулагчид үүсэж болзошгүй эрсдэлүүдийг зохицуулах зохистой шийдвэрийг гаргана гэдэгт ДЭМБ итгэлтэй байна” хэмээн өнгөрсөн баасан гарагт хэлжээ.
“М.Райаны хэлсэн үг надад урам зориг өгсөн. ОУОХ Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын төлөө дэлхий дахины эрдэмтэн судлаачдын заавар зөвлөгөөг үргэлжлүүлэн сонсох болно” гэж ОУОХ-ны тэргүүн мэдэгдсэн байна. Гэвч Японы хоёр теннисчин түүнээс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Нэрт тамирчин Осака Наомигийн хувьд, наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байна хэмээн хэлжээ. Тэрбээр, “Тамирчин хүний хувьд би Олимпын наадамд оролцохыг насан туршдаа мөрөөдөж ирсэн боловч үүсээд буй нөхцөл байдлын талаар сайтар тунгааж үзэх хэрэгтэй хэмээн бодож байна” гэж ярьсан байна.
Түүнчлэн 2016 оны Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн теннисчин Нишикори Кэй мөн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндөн ярьжээ. Түүний хувьд өнгөрсөн онд коронавирусээр халдварлаж байсан бөгөөд Тамирчдын хотхонд халдвар тархах вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Токиогийн Олимпын наадмыг ирэх долоодугаар сарын 23-наас эхлүүлэхээр товлоод байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.