175 дугаар дунд сургуулийн төгсөгч төрөлх сургууль руугаа халдлага үйлджээ.
Казань хотын 175 дугаар дунд сургуульд гарсан буудалцааны үеэр есөн хүн амиа алдсантай холбогдуулан Бүгд Найрамдах Татарстан улс лхагва гарагийг гашуудлын өдөр болгон зарлажээ.
Халдлагыг энэ сургуулийн төгсөгч, 19 настай Ильназ Галявиев үйлдсэн байна. Халдлагын улмаас долоон хүүхэд, нэг багш, сургуулийн нэг ажилтан амиа алдаж, 18 хүүхэд, гурван том хүн шархадсан юм.
Казань хотын иргэд амиа алдсан хүмүүсийн дурсгалын самбарын дэргэд цэцэг, тоглоом авчирч тавин, эмгэнэн гашуудаж байна.
Хууль сахиулах байгууллагынхны олж тогтоосноор, гэмт этгээд зэвсгээ хуулийн дагуу худалдан авч, халдлагыг бие даан зохион байгуулсан байна. Энэ хэргийг үйлдэхээсээ хэдхэн хоногийн өмнө олон хүнийг хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэнэ гэж бичиж байсан тухай хэвлэлүүдэд мэдээлжээ. Үүнээс гадна тэрбээр хэдэн сарын өмнө өөрийгөө бурхан хэмээн өргөмжилж, бүгдийг үзэн ядаж байна гэж бичиж байжээ. Халдлагатай холбогдуулан мөрдлөг шалгалтын ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдийг сэтгэцийн шинжилгээнд хамруулан, шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна.
Казаньд болсон энэхүү халдлага Орос орныг нэлээд цочирдууллаа. Энэ бол сүүлийн гурван жилд гарсан хоёр дахь том халдлагад тооцогдож байна. 2018 онд Керчэд нэгэн коллежид халдлага гарч, гэмт этгээдийг оролцуулаад 21 хүн амиа алдсан юм. Тухайн үед Оросын төрийн тэргүүн Владимир Путин иргэний зэвсгийн зөвшөөрлийг чангатгах зарлиг гаргаж байсан ч энэ удаад дахин ийм зарлиг гаргасан нь анхаарал татжээ. Оросын зарим улстөрчид хүчирхийлэлтэй компьютер тоглоомд тавих хяналтаа чангатгахыг уриалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.