Олон цагаар ажиллах нь цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг
Ажлын цагийг долоо хоногт 55 болон түүнээс дээш болгож нэмэгдүүлэх нь цус харвах эрсдэлийг 35, зүрхний титэм өвчний улмаас нас барах эрсдэлийг 17 хувиар нэмэгдүүлдэг аж.
Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлд дурджээ.
“Судалгаанд дурдсанаар, долоо хоногт 55 цаг болон түүнээс дээш цагаар ажиллах нь 35-40 цагаар ажиллахтай харьцуулахад цус харвах эрсдэлийг 35 хувиар, зүрхний титэм өвчнөөр нас барах эрсдлийг 17 хувиар нэмэгдүүлдэг аж. 2016 онд долоо хоногт хамгийн багадаа 55 цаг ажилласны улмаас цус харвалтын улмаас 398 мянган хүн, зүрхний өвчлөлөөр 347 мянган хүн нас баржээ. 2000-2016 оны хугацаанд хэт олон цагаар ажилласнаас үүдэлтэй цус харвалтын улмаас нас барсан тохиолдол 19, зүрхний өвчний улмаас нас барсан тохиолдол 42 хувиар нэмэгджээ. Ийм шалтгаанаар нас барсан тохиолдлуудын 72 хувийг эрчүүд эзэлсэн байна. Түүнчлэн хэт олон цагаар ажиллаж буй хүний тоо нэмэгдэж, дэлхийн хүн амын 9 хувийг эзэлж байна” хэмээн мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байна.
Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ “ямар ч ажил хүнийг цус харвалт, зүрхний өвчлөлийн эрсдэлд оруулах ёсгүй” гэжээ.
Коронавирусний цар тахал хүмүүсийн ажиллах хэв маягийг нэлээд өөрчилж, зайнаас ажиллах нь олон салбарт хэвийн үзэгдэл болсон гэдгийг тэрбээр сануулав. Нэмж хэлэхэд, олон компани үйл ажиллагааныхаа цар хүрээг хумиж, эдийн засгийн хэмнэлт хийхээс өөр аргагүйд хүрсэн. Ингэснээр цалингаа авч буй хүмүүс илүү олон цагаар ажиллах хэрэгцээ шаардлага гарсан юм.
“Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох асуудлыг засгийн газар, ажил олгогч, ажилтнууд харилцан зөвшилцөх хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.