“Samsung”-ийн өв залгамжлагчийг өршөөх үү?
“Samsung” группийн өв залгамжлагч И Жэ Ён Өмнөд Солонгосын улс төрийг донсолгосон авлигын том хэрэгт холбогдон шоронд хоригдож буй. Түүнд өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс шаардсан шахалт улам нэмэгдэж байна. “Чеболь” буюу үйлдвэрлэл, санхүүг атгадаг чинээлэг гэр бүлүүдийг тойрсон элдэв хов жив, хэт тансаглал, эрх мэдлээ хэтрүүлэх зэргээс үүдэн нийгэм том корпорациудад тийм ч тааламжтай ханддаггүй. Гэсэн ч “Samsung Republic” (Самсунгийн бүгд найрамдах улс) гэгддэг технологийн группийн ирээдүй, улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг бодож И Жэ Ёныг суллахыг шаардан гарын үсэг цуглуулж эхэлжээ.
И Жэ Ён шоронд хоригдсоноор торны цаанаас бизнесээ удирдаж, компанийн гүйцэтгэх захирлуудын эргэлтээр дамжуулан шийдвэрээ хэрэгжүүлж байгаа юм. Өмнөд Солонгос нь цагаан захтануудын хэрэгт олон жил өршөөнгүй хандаж ирсэн ба том бизнес эрхлэгчдэд шоронгоос компаниа удирдахыг зөвшөөрдөг.
Өмнөд Солонгосын тэргүүлэх бизнес эрхлэгчид, хэвлэл, тэр ч бүү хэл Буддын шашны лам нар хүртэл И Жэ Ёныг суллахыг шаардан гарын үсгээ зурж байна. Өмнөд Солонгосын эдийн засаг “Samsung” группийн технологийн бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай. Тиймээс И Жэ Ён шоронд хоригдсоноор шийдвэр гаргах явц удааширч, хурдацтай өөрчлөгдөж буй технологийн салбарт олон улстай хийж буй өрсөлдөөнд ялагдахаас болгоомжилж байгаа аж.
И Жэ Ён дөрвөн сар шахам хоригдоод буй бөгөөд ялаа бүрэн эдэлбэл 2022 оны долдугаар сард суллагдах юм. Зарим ажилагчдын таамаглалаар Мүн Жэ Ин Буддагийн төрсөн өдрөөр түүнд өршөөл үзүүлэх боломжтой аж. Эсвэл ирэх наймдугаар сард тохиох Өмнөд Солонгосыг Японы колоничлолоос чөлөөлсөн “Чөлөөлөлтийн өдөр”-өөр И Жэ Ён суллагдах магадлалтай. Учир нь энэ өдрөөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нэр нөлөө бүхий улстөрчид, бизнес эрхлэгчдэд өршөөл үзүүлдэг уламжлалтай аж.
Гэхдээ И Жэ Ёнд өршөөл үзүүлэхээсээ өмнө Мүн Жэ Ин шударга ёсны талаарх нийгмийн сэтгэлзүйг чип, хагас дамжуулагчийн олон улсын зах зээлд өрсөлдөөнөө эрчимжүүлэх бодлоготойгоо дэнслэх шаардлагатай. Түүнчлэн Мүн Жэ Ин Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа чеболь гэр бүлүүдийн эрх ямба, дураараа аашлахыг хязгаарлах амлалт өгч байсантай нь И Жэ Ёныг суллах шийдвэр зөрчилдөж байна.
И Жэ Ён бол Өмнөд Солонгосын хамгийн баян хүн. Тэрбээр экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон найзынх нь нэр холбогдсон авлигын хэрэгт холбогдон яллагдаж, хоёр жил зургаан сарын хорих ял шийтгэгдсэн. Тэрбээр 2015 онд “Samsung” группийн хоёр охин компанийн нэгдэх үйл явцад Засгийн газраас дэмжлэг авахын тулд авлига өгсөн хэрэгт буруутгагдсан. Охин компаниуд нь нэгдсэнээр групп дэх түүний хяналт улам батажсан юм. Өмнө нь И Жэ Ёны эцэг И Кун Хи 1996, 2008 онуудад авлига, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон шалгагдаж, тэнсэн харгалзах ял авч байсан.
“Samsung” группийн улирлын тайлан бизнес хэвийн явагдаж байгааг илтгэжээ. Тодруулбал, компанийн үйл ажиллагааны орлого энэ оны эхний улиралд 50 орчим хувиар өсч, 58 тэрбум ам.долларт хүрчээ. Цар тахлын улмаас олон сая хүн гэртээ байх болсноор компьютерийн санах ой, телевиз болон бусад цахилгаан барааны эрэлт нэмэгдсэн нь “Samsung” компанийн орлого өсөхөд нөлөөлсөн аж. Түүнчлэн “Samsung”-ийн ухаалаг утас, таблет зэрэг нь АНУ-ын “Apple” компанийн бүтээгдэхүүнүүдтэй амжилттай өрсөлдөж байна.
“Samsung” компьютерийн чип үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. 2030 он гэхэд зах зээлд давамгайллаа тогтоохын тулд 151 тэрбум ам.долларыг энэ чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ.
Компанийн тооцоолсноор интернэтийн “5G” сүлжээ, хиймэл оюун ухаан, жолоочгүй машин зэргийн нөлөөгөөр ирэх жилүүдэд дэвшилтэт чипний эрэлт огцом өсөх аж. Гэсэн ч “Samsung” компани нь энэ чиглэлд Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” компанийн ард яваа.
Өмнөд Солонгосын Худалдааны яамнаас мэдээлснээр “TSMC” нь зах зээлийн 55 орчим хувийг эзэлдэг бол “Samsung” дөнгөж 17 хувьд хяналтаа тогтоожээ. Үүний зэрэгцээ хагас дамжуулагч үйлдвэрлэлд Азиас хамаарлаа багасгаж, өөрөө гол тоглогч болох АНУ-ын зорилго нь Өмнөд Солонгосын технологийн салбарын амбицыг улам өдөөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.