Доминик Монаган: Шавьж дэлхийг захирдаг

Доминик Монаган: Шавьж дэлхийг захирдаг
Британийн жүжигчин Доминик Монаган алдарт “Бөгжний эзэн” киноны Мерри хоббит, “Амьд үлдэх” цувралын рокчин Чарлигийн дүрээр нэр алдарт хүрсэн. Жүжиглэхээс гадна Доминикт өөр нэг хобби бий. Тэрбээр багаасаа аялах дуртай, амьтанд хайртай байжээ. Тухайн амьтан аюултай, хачин байх тусам, түүний амьдардаг газар этгээд байх тусам түүний сонирхлыг ихэд татна. Жүжигчин өөрийн сонирхлоо телевизийн төсөл болгож, “Wild Things with Dominic Monaghan” цуврал баримтат кино бүтээж байна. Доминик манай гарагийн судлагдаагүй өнцөг булангаар аялж, ямар нэгэн ер бусын, аюултай амьтантай таарна гэж найддаг. “Вокруг света” сэтгүүл түүнээс ярилцлага авсныг хөрвүүлэн хүргэж байна.
-Таны амьтан, онгон дагшин байгалийг хайрлах сэтгэл юунаас эхтэй вэ?

-Бага байхдаа ном, телевиз, кинонд гарсан бүх амьтны нэрийг мэддэг байсан. Миний аав их сургуулийн биологийн багш байсан. Миний ах мөн л багш. Би Британийн телевизийн хөтлөгч, байгаль судлаач Дэвид Аттенберг, алдарт аялагч Жак Кустогийн нэвтрүүлэг үзэж өссөн. Мөн шавьж миний сонирхлыг ихэд татдаг. Амьд амьтдаас хорхой шавьжид хамгийн хайртай гэж бодож байна. Том болсон хойно би их аялах болсон. 18 насандаа орангутантай хөөрөлдөхийн тулд Борнео явж байлаа. 23 настайдаа халиман аварга загасан дээр сэлэхийн тулд Тайланд руу явж байсан. Энэ бүх аяллын түүхээ би өөрийн төлөөлөгчдөө ярьж өгдөг байсан. Нэг өдөр тэр “Аяллаараа телевизийн нэвтрүүлэг хийж болно. Телевизийн компани аяллын зардлыг даана. Энэ талаар бодож үзээрэй” гэсэн. Гуч хүрч байж үүнийг их сайхан санаа байна гэж ойлгоод янз бүрийн телевизийн компаниудад санал болгох болсон. Анхны киногоо миний хамгийн хайртай амьтан болох шоргоолжны тухай хийсэн. Дэлхий дээрх хамгийн сонирхолтой, ширэнгэнд амьдардаг легионер шоргоолжтой ажиллах зорилгоор Эквадор явж байлаа.

-Танд ямар газар хамгийн их таалагдсан бэ?

-Ер нь зураг авалт хийсэн бүх газар өөр өөрийнхөөрөө сайхан. Аялал бүр дэндүү сайхан байдаг. Зурав авалт хийхээр аялж байсан газруудаас Мадагаскар, Мозамбик, Австрали, Перу, Бразил хамгийн сонирхолтой юм шиг санагдсан. Палау бас байна. Би хил хязгаараа тэлэх дуртай. Өмнө нь ширэнгэ ой, цөлд аялж, усанд шумбаж байсан. Тиймээс илүү алс ширэнгэн ой, илүү алс цөлд хүрч, илүү гүнзгий шумбахыг хүсдэг. Энэ бүхнийг би зураг авалтын үеэр амжилттай хийж байгаа шүү.


-Зураг авалтын үеэр таарч байсан хамгийн аюултай амьтан юу байв?

-Амьтныг тийм их аюултай гэдгийг мэдэхгүй юм. Миний бодлоор, машинаар явах хамаагүй аюултай. Эсвэл хүмүүстэй хамт хоол идэх. Эдгээр үйлдэл зэрлэг амьтадтай ажиллахаас ч илүү эрсдэлийг агуулдаг. Амьтдад хүндэтгэлтэй хандаж, зэрлэг гэдгийг нь санаж байх хэрэгтэй. Бид дэлхий дээрх хамгийн хортой могой, хамгийн хортой хилэнц хорхой, аалз, хамгийн аюултай хөхтөн амьтан, шавьжтай ажиллаж байсан. Гэхдээ хэрэв та хүндэтгэлтэй бөгөөд болгоомжтой хандвал, амьтдын биеийн хэл эсвэл авианы тусламжтайгаар танд хэлэх гээд байгаа зүйлийг анхааралтай сонсвол бүх зүйл амархан. Зүгээр л биеийн хатгадаг, хаздаг хэсгээс л холхон байвал болох нь тэр. Амьтдын толгойнх нь хэлбэр эсвэл өнгөөр тухайн амьтан аюултай эсэх, юуг анхаарах ёстой гэдгийг мэдэж болдог.


-Таны зураг авалтын баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

-Намайг оролцуулаад нийт зургаан хүн газар дээр ажилладаг. Хоёр зураглаач, дууны найруулагч, эмч, хөтөч, тэгээд би. Офист гурав, дөрвөн хүн аялалд бэлтгэхэд тусалдаг.
Та гэртээ тэмээн аалз, могой тэжээдэг гэсэн. Тэд танд юунд хэрэгтэй юм бэ. Тэд гэрийн тэжээвэр амьтан байж чадах уу?

-Одоо манай гэрт хоёр гүрвэл, могой, гурван цог хорхой, гурван хилэн шоргоолж, тэмээн аалз, таван загас, сүүлгүй хилэнц хорхой амьдарч байгаа. Одоогоор шүү дээ. Гэхдээ тэд гэрийн тэжээвэр амьтан биш. Би тэднийг сэргээн засварлах, түр орогнуулах зоригоор байлгаж байгаа. Могой маань эдгэрч, жин нэмж байгаа. Тэнхэрснийх нь дараа зэрлэг байгальд нь буцааж тавина. Дэргэд ийм амьтад байгаа нь надад таатай санагддаг. Учир нь би тэдний чадвар, үйлдлийг ойроос судлах боломжтой болдог. Ингэснээр зэрлэг байгаль дээр ийм төрлийн амьтантай ажиллах туршлагатай болдог.

-Зэрлэг амьтдыг хаалттай, хязгаарлагдмал орчинд байлгах талаар таны бодол?

-Зарим амьтад ийм нөхцөлд амархан дасдаг. Зарим төрлийн аалз, гүрвэл, могой бүх насаа нэг шоо метр талбайд өнгөрүүлдэг. Тиймээс тэдний хувьд торонд амьдрах тийм ч аймшигтай зүйл биш. Гэвч заан, баавгай, зээр зэрэг том хөхтөн амьтад хорионд байх ёсгүй. Тэд хөдөлгөөнтэй амьдардаг тул зэрлэг байгальдаа л байх ёстой. Далайн гахай зэрэг усны амьтдыг мөн л хорионд байлгаж болохгүй. Нэгэнт зэрлэг байгаль дээр амьдарч сураагүй амьтдыг далайд ойрхон орчинд, эсвэл далайн багахан хэсгийг хаших замаар байрлуулж болно

-Зэрлэг амьтдыг байгальд нь үзэх боломжгүй хүн хэрхэн эдгээр амьтдыг үзэх болж байна?

-Амьтдыг үржүүлэх сайн хөтөлбөртэй, амьтдыг сайн асарч, халамжилдаг амьтны хүрээлэнг дэмжих ёстой. Берлиний амьтны хүрээлэн, Сан Диегогийн амьтны хүрээлэн л гэхэд ховордсон ан амьтдыг үржүүлэх, хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тийм учраас ийм амьтны хүрээлэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Амьтдыг мөн зурагт эсвэл интернетээр үзэх боломжтой. Тэднийг байгальд үзнэ гэдэг бол их сайхан санаа шүү.

-Байгаль хамгаалах ямар арга хэмжээг хамгийн чухал, цаг үеэ олсон гэж та үздэг вэ?

-Үүний тулд бид маш жижиг зүйлсийг өдөр тутам хийх боломжтой. Бараа худалдан авахдаа, баглааг нь дахин ашиглаж болох эсэхийг шалгах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмждэг компанитай хамтран ажиллах, хэрэггүй үед гэрлээ унтрааснаар гэрлийн бохирдол үүсгэхгүй байх боломжтой. Ийм жижиг үйлдэл манай гарагийг аврахад ихээхэн ач холбогдолтой шүү дээ.

-Таны хувьд биологийн төрөл зүйлийг хадгалахад ямар амьтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог вэ. Тэднийг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

-Манай гараг дээрх хамгийн чухал амьтад бол шавьж. Тэд дэлхийг захирдаг амьтад. Тэд бидэнд цэвэр агаар, цэвэр хөрс бэлэглэдэг амьтад. Тэд олон зуун сая жил, зарим нь тэрбум жил энэ дэлхийд амьдарсаар ирсэн. Гэтэл бид хоёр зуун мянган жил л энд амьдарч байна. Тиймээс тэд илүү ихийг мэддэг, бидэнд их зүйл сургаж чадна. Байгаль дэлхийг цэвэр хадгалж үлдэх нь бүх амьд амьтдын амьдрал, үхлийн асуудал юм. Тиймээс агаар, хөрс, усыг бохирдуулах зүйлсийг хаяж байгаа юм биш байгаа гэж байнга бодож байх хэрэгтэй.

Таны телевизийн цуврал баримтат кино биологийн төрөл зүйлийг хамгаалахад ямар нөлөө үзүүлнэ гэж та найдаж, итгэдэг вэ?

-Зарим үзэгчдийн хувьд ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэж найддаг. Хүмүүс аалз, могой, сарьсан багваахай эсвэл шоргоолжинд тэр бүр дуртай байдаггүй. Энэ “Wild Things with Dominic Monaghan” нэвтрүүлгийг үзээд хүмүүс ямар ч шалтгаангүй тэднийг алахгүй байх гэж найддаг. Хэрэв та аль нэг амьтнаас айдаг бол эсвэл жихүүдэс төрдөг бол түүнийг алах эрхтэй гэсэн үг биш шүү дээ. Зарим амьтад хүмүүс биднийг үнэхээр муухай, жихүүдэс төрүүлэм гэж боддог гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэд биднийг оролддоггүй л биз дээ. Бид яагаад ямар амьтан үхэх, ямар амьтан амьдрах ёстойг шийдэх эрхтэй гэж боддог юм бэ? Энэ бол Дэлхий хэмээх гараг дээр шийдвэр гаргах муу арга зам. Учир нь амьтадтай харьцах бидний харилцаа тэнцвэргүй байна. Эцсийн бүлэгт компьютер бүтээх, сар руу нисэх нь манай гараг дээр харилцан шүтэлцээтэй амьдралаас тийм ч чухал зүйл биш шүү дээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.