Монакогийн Ван халдвар авч, коронавирусээр өвчилсөн анхны төрийн тэргүүн боллоо
Монакогийн Ван II Альбер коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон тухай тус вант улсын ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн талаар CNN мэдээллээ. Хэвлэлийн төлөөлөгч “Гэгээн дээд ван II Альберийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүний бие сайн байгаа. Амь насанд нь ямар ч халгүй” гэж мэдэгдсэн байна.
Монакогийн Вангийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарснаар тэрбээр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдээс халдвар авсан ганц хүн боллоо. Монакогийн Вант улс 40 мянга орчим хүн амтай. Одоогоор арваад хүн коронавирусний халдвар аваад буй аж.
Сануулахад, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэгдэн хоёр удаа шинжилгээ өгөхөд хариу нь давтан сөрөг гарсан юм.
Коронавирусний халдвар авсан төрийн өндөр албан тушаалтнууд болоод тэдний хамаарал бүхий хүмүүсээс дурдвал Австралийн Дотоод хэргийн сайд Питр Датон, Францын Соёлын сайд Франк Ристер, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр болон Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн эхнэр коронавирусний халдвар авсан нь батлагдсан.
Мөн Ираны Дэд ерөнхийлөгч, парламентын зарим гишүүд коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.