АНУ иргэдэдээ Япон улс руу зорчихгүй байхыг зөвлөлөө

АНУ иргэдэдээ Япон улс руу зорчихгүй байхыг зөвлөлөө

Даваа гарагт АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төв, төрийн департмент хоёул Япон улсыг зорчихгүй байхыг иргэдэдээ зөвлөсөн улсуудын жагсаалтад нэмсэн нь ховор тохиолдол байлаа.

Ялангуяа Токио 2020 зуны олимпын наадам эхлэхэд хоёр сар орчим хугацаа үлдээд байгаа үед ийм шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна.

Халдварт өвчинтэй тэмцэх төвийн мэдэгдэлд “Япон улс руу зорчихоос бүрэн зайлсхийхийг иргэдэдээ зөвлөж байна. Одоогоор тус улсад коронавирусийн мутацлагдсан хувилбарууд эрчимтэй тархаж байгаа нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан аялагчдад ч эрсдэлтэй байгаа юм” гэжээ.

АНУ-ын төрийн департмент өчигдөр Япон улсыг гадаад аяллын зөвлөмждөө хамгийн доод буюу дөрөвдүгээр ангилалд шилжүүлсэн байна. Энэ ангилалд багтсан улсуудад огт зорчихгүй (Do not Travel) байхыг Америкчуудад анхааруулдаг юм.

Өмнө нь Япон улс гуравдугаар буюу “Зорчих эсэхээ дахин нягтал” (Reconsider Travel) гэсэн ангилалд байжээ. Дөрөвдүгээр ангилалд багтсан улсуудад зорчихыг хатуу хориглодоггүй ч аялагчдын даатгалын нөхцөл нь өөрчлөгддөг тул шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.

Хэдийгээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Японы засгийн газар Токио 2020 зуны олимпын наадмыг долдугаар сарын 23-д эхлүүлэхээр шаргуу ажиллаж байгаа юм.

Одоогоор Японы нийслэл болон бусад мужуудад тавдугаар сарын 31-нийг хүртэл онц байдал тогтоогоод байгаа. Энэ хугацаа цааш сунгагдах магадлал өндөр байна.

Япон даяар коронавирусийн мутацлагдсан хувилбарууд эрчимтэй тархаж байгаа ч хүн амын вакцинжуулалт нь ердөө 2-4 хувьтай байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.