“Huawei” ухаалаг гар утасны үйлдлийн системээ танилцуулна.
БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани ухаалаг гар утсанд зориулсан “HarmonyOS” нэртэй шинэ үйлдлийн системээ ирэх зургаадугаар сарын 2-ноос хэрэглээнд албан ёсоор нэвтрүүлнэ гэдгээ мэдэгджээ.
“HarmonyOS” буюу Хятадаар “Hongmeng” хэмээх систем нь янз бүрийн төхөөрөмжүүдэд зориулсан нээлттэй эх бүхий үйлдлийн систем юм. “Huawei” энэхүү системээрээ тоноглогдсон төхөөрөмжийн тоог энэ оны эцэс гэхэд 300 саяд хүрнэ хэмээн тооцоолж байгаа бөгөөд тэдгээрийн нь 200 сая гаруй “Huawei”-н төхөөрөмж байх ажээ.
“Huawei” компанийн хиймэл оюун ухаант технологийн салбарын дэд ерөнхийлөгч Ян Хайсуны мэдээлснээр, Шэньжэнь хотод төвтэй тус компани хавсралт, техник хангамж хөгжүүлэгчдэд үйлдлийн системийг нь ашиглан хэрэглэгчдээ шинэ үйлчилгээгээр хангахад нь хамтран ажиллах ажээ.
Шинжээчдийн хувьд “HarmonyOS”-ийг “Google” компанийн “Android”, “Apple” компанийн “iOS” үйлдлийн системийн өөр нэгэн хувилбар гэж үзэж байна.
“HarmonyOS” үйлдлийн системийг нэвтрүүлж буйд Хятадын гэр ахуйн хэрэгсэл, спорт, фитнес, аялал, энтертайнмент, боловсролын чиглэлийн аж ахуй нэгжүүд баяртай байна. Тухайлбал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Midea” групп энэ оны эцэс гэхэд “HarmonyOS” үйлдлийн системтэй 200 орчим шинэ бүтээгдэхүүн гаргана гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.