Б.Шоовдор Иван Ярыгиний нэрэмжит Гран при-д 3 дахь удаагаа түрүүлэв

Б.Шоовдор Иван Ярыгиний нэрэмжит Гран при-д 3 дахь удаагаа түрүүлэв

Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при XXXII тэмцээнээс “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор эмэгтэйчүүдийн 59 кг-д алтан медаль хүртлээ.

Түүний жинд 5 бөх тойргоор барилдсан бөгөөд эхний өдөр эзэн орны 3 бөхийг ялж, улмаар ОУХМ Э.Даваачимэгийг 8:6-гаар ялснаар ганц ч ялагдалгүй гурав дахь удаагаа /2015, 2020, 2021/ тус тэмцээнд түрүүллээ.

Энэ жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг 2 ялж, 2 ялагдснаар тус тэмцээнд үзүүрлэв. Гурван бөх тойрч бие биеээ ялсан бөгөөд Э.Даваачимэг онооны чанараар мөнгөн медаль хүртжээ.

Харин 50 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд 2013 оны Европын аварга, эзэн орны туршлагатай бөх Валерия Чепсараковад 2:6-гаар, 55 кг-д Орхон аймгийн тамирчин ОУХМ Б.Халиунаа Екатерина Исаковад 0:5-аар тус тус ялагдлаа.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг хүртлээ.

Тэр өнгөрсөн сард Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-д урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэн юм. З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд эзэн орны Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг илүүрхэж ялав.

Маргааш манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-д спортын мастер Б.Хулан, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Э.Төгсжаргал дагаж барилдана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.