В.Путинтэй уулзах үеэрээ Ж.Байден хүний эрхийн асуудлыг хөндөнө
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 6 дугаар сарын 16-нд Женев хотод уулзах үеэрээ хүний эрхийн асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа мэдэгджээ.
“Би хэдхэн долоо хоногийн дараа Ерөнхийлөгч В.Путинтэй Женев хотод уулзана. Бид хүний эрх зөрчигдөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдэж байна” хэмээн тэрбээр Делавэр муж улсад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн АНУ бол “цорын ганц улс” хэмээн Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглээд, дээд хэмжээний уулзалттай холбоотой асуудлаар өөр нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
В.Путин, Ж.Байден нар 6 дугаар сарын 16-нд Женев хотод уулзах төлөвтэй байна. Энэхүү уулзалт нь Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай Хельсинкид 2018 онд уулзсанаас хойших хоёр улсын төрийн тэргүүний анхны дээд хэмжээний уулзалт болох юм.
Уулзалт хийх үеэрээ хоёр улсын удирдагчид Орос, Америкийн харилцааны цаашдын хөгжлийн байдал, хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлыг хөндөхөөс гадна коронавирусний цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг зохицуулах зэрэг олон улсад тулгамдсан асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж Кремлийн мэдэгдэлд өмнө нь дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.