Аялал жуулчлалын салбар 2023 оноос нааш бүрэн сэргэхгүй гэж таамаглаж байна.

Аялал жуулчлалын салбар 2023 оноос нааш бүрэн сэргэхгүй гэж таамаглаж байна.

Аялал жуулчлалын салбарын зогсонги байдал энэ онд үргэлжилж, 2023 оноос нааш бүрэн сэргэхгүй гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД), НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (ЮНВТО) тайланд дурджээ.

2020 онд коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал 2019 оны түвшинтэй харьцуулахад 73 хувиар буурч, аялал жуулчлал болон түүнийг дагалдах салбаруудад 2.4 их наяд ам.долларын хохирол учирсан байна.

Шинжээчид аялал жуулчлалын салбарын энэ оны төлөв байдлын талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлжээ. Хамгийн гутранги хувилбараар жуулчдын урсгал энэ онд 75 хувиар буурна гэж таамаглаж байна. Энэ тохиолдолд аялал жуулчлалын салбар 948 тэрбум ам.долларын алдагдал хүлээх бол дэлхийн ДНБ-д 2.4 их наяд ам.долларын хохирол учирна гэж тооцоолжээ. Хоёр дахь хувилбарыг жуулчдын урсгал 63 хувиар буурсан тооцоонд үндэслэжээ. Гурав дахь хувилбараар бол коронавирусний вакцинжуулалтын үзүүлэлт доогуур байгаа улс орнуудад жуулчдын урсгал 75 хувиар, харин хүн амынхаа ихэнхийг вакцинжуулсан улс орнуудад 37 хувиар буурна гэж таамагласан байна. Хоёр дахь тохиолдолд дэлхийн ДНБ-нд 1.7 их наяд ам.доллар, гурав дахь хувилбараар 1.8 их наяд ам.долларын хохирол учирна гэж таамаглажээ.

Вакцинжуулалтын үзүүлэлт өндөр байгаа орнуудын эдийн засаг вакцинжуулалт удаан явагдаж байгаа эсвэл дөнгөж эхэлж байгаа орнуудыг бодвол бага хохирол амсана гэж шинжээчид үзэж байна. "Франц, Герман, Швейцар, Их Британи, АНУ зэрэг вакцинжуулалт эрчимтэй явагдаж буй орнуудад аялал жуулчлалын салбар илүү хурдан сэргэх төлөвтэй байна" гэж тайланд тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ, шинжээчид энэ салбар коронавирусний цар тахлын өмнөх үзүүлэлтүүдэд 2023 онд эсвэл үүнээс ч хойно хүрнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.