Мексикийн тэрбумтан нурсан метроны шугамыг өөрийн мөнгөөр засна.
Мексикийн тэргүүн баян эрхэм Карлос Слим өнгөрсөн тавдугаар сард нурсан метроны 12 шугамыг өөрийн хөрөнгөөр нэг жилийн дотор засахаар болжээ. Түүний компани метроны энэ хэсгийн барилгын ажилд оролцож байсан гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор мэдэгджээ.
Тавдугаар сарын 3-нд Мехико хотын зүүн өмнөд хэсэгт метроны гүүр, дээр нь явж байсан галт тэрэгний хамт нурж, осол гарч байсан билээ. Ослын улмаас 26 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн бол таван хүн өнөөг хүртэл эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Нэг жилийн дотор Мехико хотын метронд гурван ч удаа хүний аминд үрсэн томоохон осол гарчээ.
Мексикийн тэргүүн баян Карлос Слим Мексик болон Латин Америкийн харилцаа холбооны зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлдэг. Тэрбээр “America Movil”, “Telcel” болон “Telmex” компаниас гадна Мексикийн хэд хэдэн томоохон компаниудын хяналтын багцыг эзэмшдэг “Grupo Carso” компанитай. Түүний хөрөнгө хэдэн арван тэрбум ам.доллароор үнэлэгддэг ба Слим өөрөө удаан хугацаанд дэлхийн тэргүүн баян хүнээр тооцогдож байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.