АНУ, Их Британийн тусгай албад ОХУ-ыг дэлхий даяар хакерын халдлага явуулсан гэж буруутгажээ
АНУ, Их Британийн тусгай албад ОХУ-ыг нь дэлхий даяар олон зуун кибер халдлага үйлдсэн гэж буруутгав. Тэдний мэдээлснээр, засгийн газрын болон хувийн байгууллагууд, мөн “үүлэн” сервисүүдийг хэдэн жилийн турш хакердаж байгаа бөгөөд халдлага одоог хүртэл үргэлжилсээр байна.
Америк, Британийн тагнуулын байгууллагуудын хамтарсан мөрдөн шалгалтын дүгнэлтийг долоодугаар сарын 1-ний пүрэв гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн /ҮАБА/ цахим хуудсанд нийтэлжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, бусад байгууллага, Британийн үндэсний компьютерийн аюулгүй байдлын төвийн оролцоотойгоор ҮАБА-ийн бэлдсэн энэхүү тайланд америкчуудад ойлгомжтой байх үүднээс Тагнуулын ерөнхий газар гэж нэрлэсээр байгаа Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий газрыг дор хаяж 2019 оноос хойш АНУ болон бусад орны төрийн болон хувийн хэвшлийн олон зуун байгууллагын системд хакерын халдлага үйлдэж байгаа гэж дурдсан байна.
Хакерын энэ үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа гэж үзэж байна.
Америк, Британийн тагнуулын албаныхны үзэж байгаагаар, хакерын халдлагуудад ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий газрын кибер халдлагыг хариуцдаг гэгддэг тусгай албаны 85-р төв холбоотой аж. Өмнө нь хэвлэлүүдээр уг төвд криптографууд ажилладаг гэж бичиж байв.
Халдлагын бай нь АНУ-ын Батлан хамгаалах яам болон засгийн газрын бусад байгууллагууд, мөн хууль, эрчим хүч, ложистикийн компаниуд, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн намууд, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компаниуд, судалгааны байгууллагууд болжээ.
Москвагийн зүгээс энэхүү тайланг нийтлэх үед тайлбар өгөөгүй байна. АНУ-ын намууд, корпорацууд, засгийн газрын агентлагууд руу хийсэн хакерын халдлагад Оросын тагнуулчид холбоотой гэж буруутгасныг Москва байнга няцаадаг билээ.
Зургаадугаар сард Женевт болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд АНУ-ын эдийн засгийн чухал 16 салбарын жагсаалтыг гардуулж, тэдэн рүү чиглэсэн хакерын халдлагаас татгалзахыг хүссэн байна. Жо Байдены хэлснээр, эдгээр объектыг хакердсан тохиолдолд цахим дайн зарласан гэж ойлгож, яаралтай хариу арга хэмжээ авна.
АНУ-ын Кибер, дэд бүтцийн аюулгүй байдлын газраас гаргасан уг жагсаалтад эрчим хүч, нефть хими, усан хангамж, тээвэр, эмнэлэг, цэргийн бааз болон бусад байгууламжууд багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.