Ши Жиньпин: Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй.
Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхэн ойг тус улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж буй бөгөөд долоодугаар сарын 1-ний энэ өдөр ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Бээжин хотод боллоо.
Уг арга хэмжээний үеэр БНХАУ-ын дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг та бүхэнд толилуулъя.
Хятад улс бүх талаараа чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоон бий болгох анхны зуун жилийн зорилгодоо хүрлээ. Өөрөөр хэлбэл, бид үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж чадсан бөгөөд харин одоо орчин цагийн аугаа социалист гүрнийг бий болгох хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүйгээр, итгэл төгс урагш тэмүүлж байна.
Хятадын ард түмний генд түрэмгий, дээрэнгүй зан чанар байхгүй. ХКН нь хүн төрөлхтний ирээдүйн төлөө санаа тавьж, дэлхийн бүх улс оронтой зэрэгцэн урагшлахыг эрмэлздэг. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсын хэмжээнд хэв журмыг сахиулах чиглэлээр бусад улс оронтой ямагт хамтран ажилласаар ирсэн.
Ард түмэн бол жинхэнэ баатрууд, тэд л түүхийг бүтээдэг.
Хятадын ард түмнийг гадныхан дарлан дээрэлхэж, эрхшээлдээ оруулахыг оролдохыг хэзээ ч хүлцэж, хүлээн зөвшөөрөхгүй. Ингэхийг завдсан хэн ч Хятадын 1.4 тэрбум гаруй хүн амын босгосон бат бөх, аугаа ган хана хэрмийг мөргөх болно. Бид хэзээ ч бусад орны ард түмнийг дээрэлхэж, дарлаж, эрхшээлдээ оруулж байгаагүй. Цаашид ч хэзээ ч ийм зүйл болохгүй.
Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, Хятад улсын бүрэн бүтэн байдал, эв нэгдлийг хангах нь ХКН-ын хувьд түүхэн бөгөөд ухарч болшгүй үүрэг даалгавар юм. “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохын тулд бид шийдэмгий арга хэмжээ авч, үндэсний сэргэн мандалт, гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэх ёстой. Үндэсний бүрэн эрхт байдал болоод нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөөх Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй.
ХКН Марксизмын үзэл баримтлалыг Хятадын хөрсөнд нутагшуулах ажлаа үргэжлүүлэх ёстой. Энэ намын чадавх болоод Хятадын онцлогтой социализмын сүр хүч нь үндсэндээ Марксизмын онолтой холбоотой.
ХКН-ын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гэсэн ямар ч вирусийг устгах хэрэгтэй. ХКН нь намын гишүүдийн ёс зүйг улам бүр сайжруулж, шударга ёсыг сахиулж, авлигатай хатуу тэмцсээр байх болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.