Европт халдварын тархалт нэмэгдэж байгаа нь "Евро-2020"-той холбоотой гэж ДЭМБ үзэж байна.
Коронавирусний дельта хувилбараас гадна Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс болж коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн "Евро-2020" тэмцээний дараа Европт цар тахлын шинэ давлагаа үүсч болзошгүй гэж үзэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Европт сүүлийн хоёр сарын туршид коронавирусний халдвар авсан хүний тоо буурч байсан ч өнгөрсөн долоо хоногт халдварын батлагдсан тохиолдлын тоо 10 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онц байдлын асуудал эрхэлсэн ахлах ажилтан Кэтрин Смоллвуд "Евро-2020"-иин тэмцээнийг зохион байгуулагч хотуудад хандаж хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөнд илүү хяналт тавихыг уриалсан байна.
Лондон, Санкт-Петербург хотуудад болсон тэмцээний дараа нутаг буцсан хөгжөөн дэмжигчдийн дундаас коронавирусний халдвар авсан тохиолдол олон гараад байгаа учир урьдчилан сэргийлэх онцгой арга хэмжээ авах шаардлагатай байгааг анхааруулжээ.
Мөн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зоогийн газар, баруудад залуус олноороо хамтдаа суун үзэж халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаагаас халдвар ихээр тархах эрсдэл үүсч байгааг сануулж байна. Шотландад л гэхэд цэнгэлдэх болон уушийн газарт хөл бөмбөгийн тэмцээн үзэж байгаад халдвар авсан хоёр мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Лондон, Будапештад болох "Евро-2020"-ийн хагас шигшээ, аваргын төлөөх тоглолтуудад нэмэлтээр 60 мянган хөгжөөн дэмжигч оруулах шийдвэр гаргасныг хариуцлагагүй алхам гэж шүүмжилж байна.
Харин Европын хөл бөмбөгийн холбоо цэнгэлдэхэд оруулах хөгжөөн дэмжигчдийн тоог зохион байгуулагч орны эрх баригчид шийдэх эрхтэй гэж мэдэгдсэн байна. Хөл бөмбөгийн тэмцээн үзсэн хөгжөөн дэмжигчдээс нь халдвар авсан тохиолдлууд ихээр илэрсэн Финланд улсын эрүүл мэндийн байгууллага иргэддээ хандаж ОХУ-д зорчихгүй байхыг уриалж байна. Мөн Дани, Швейцарь улсууд ч хөл бөмбөгийн тэмцээнээ гэрээсээ үзэхийг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.