Их Британид халдварын 30 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ
Их Британид лхагва гарагт халдварын 32 500 шинэ тохиолдол илэрсэн нь нэгдүгээр сарын сүүлчээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хүн амынх нь 86 хувь нь вакцинд хамрагдаад байгаа тус улсад хэдийгээр өвчлөл хурдацтай нэмэгдэж байгаа боловч эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо харьцангуй цөөн байна. Одоо Их Британийн эмнэлгүүдэд “COVID-19”-ийн халдвартай 2500 хүн эмчлүүлж байгаа бөгөөд нэгдүгээр сард халдварын хоёр дахь давлагааны үед 40 мянгад дөхөж байжээ. Лхагва гарагт тус улсын эрх баригчид 33 хүн нас барсан гэж мэдээлсэн бол сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 20 орчим нас баралт бүртгэгдсэн байна.
Хэдийгээр Их Британид "Дельта" хувилбараар халдварлах тохиолдол эрс нэмэгдэж байгаа боловч тус улсын эрх баригчид долоодугаар сарын 19-нээс эхлэн дийлэнх хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байгаа юм. Вакцинжуулалтын үр дүнд халдвар авсан хүний тоо, хүнд өвчний тохиолдол хоорондын харьцааг эрс өөрчлөгдсөнийг тус улсын сайд нарын танхимын гишүүд, Засгийн газрын мэргэжилтнүүд онцолсон байна. Харин хязгаарлалтыг яаравчлан цуцалж, дэлгүүр, тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүх шаардлагыг цуцлахыг сөрөг хүчнийхэн, эмнэлгийн зарим мэргэжилтэн, үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр, Их Британийн насанд хүрсэн хүн амын 86.4 хувь нь /45.5 сая хүн/ вакцины эхний тунг, 34 сая хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.