БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ
БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлд гаргах хамтын хүчин чармайлтын талаар Вашингтон хотноо хэлэлцлээ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлжээ.
Пёньян өнгөрсөн долоо хоногт Солонгос хоорондын харилцаа холбооны шугамуудыг сэргээсэн нь цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх найдлага төрүүлээд буй энэ үед БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн асуудал хариуцсан товчооны дарга Рим Кап Су, БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн орлогч Жун Пак нар уулзжээ.
“Талууд Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад дорвитой ахиц дэвшил гаргах, БНСУ, БНАСАУ-ын хооронд, БНАСАУ-АНУ-ын хоорондын яриа хэлэлцээг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлэх нь ач холбогдолтой болохыг дахин нотоллоо” гэж яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Мөн БНАСАУ-АНУ-ын хэлэлцээ болон Солонгосын хоорондын харилцааг ахиулах арга замуудын талаар бодитой, нягт нямбай хэлэлцүүлэг өрнүүлсэн гэдгийг дурдсан байна.
Хоёр Солонгос харилцаа холбооны шугамуудаа долоодугаар сарын 27-нд буюу БНСУ-ын идэвхтнүүдийг Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудас хил дамнуулан илгээснийг эсэргүүцэн БНАСАУ тасалснаас хойш 13 сарын дараа эргэн сэргээсэн юм. Түүнээс хойш Сөүл АНУ тэргүүтэй бусад холбогдох орнуудтай дипломат ажиллагаагаа идэвхжүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.