Италид Европын хамгийн өндөр хэм бүртгэгдсэн байж магадгүй байна.
Италийн Сицили арал дээр агаарын температур цельсийн 48.8 хэмд хүрч халсан нь Европт бүртгэгдсэн хамгийн өндөр хэм байж магадгүй байна.
Италийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн бүртгэсэн энэхүү үзүүлэлтийг Дэлхийн цаг уурын байгууллагаар /WMO/ баталгаажуулах шаардлагатай юм.
Тус байгууллагын мэдээллээр, Грекийн Афин хотод 1977 онд цельсийн 48 хэмд хүрсэн нь Европд бүртгэгдсэн хамгийн өндөр хэмд тооцогдож байгаа ажээ.
Италид сүүлийн үед хэт халж буй нь Африкаас чиглэн ирж буй “Люцифер” эсрэг циклонтой холбоотой байна. Цаашид “Люцифер” Италийн эх газрыг дамнан хойд зүгийг чиглэх төлөвтэй байгаа нь нийслэл Ром тэргүүтэй хотуудын агаарын температурыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам хэд хэдэн мужид хэт халах “улаан” түгшүүр зарласнаас гадна эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй хотуудын тоо баасан гараг гэхэд наймаас 15-д хүрч нэмэгдэх магадлалтай байна.
Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон оронд агаарын температур хэдэн арван жилд бүртгэгдээгүй өндөр хэмд хүрээд буй юм. Үүнээс үүдэн Италийн өмнөд нутгийн Сицили, Калабриа, Пуглиа зэрэг мужид ойн түймэр дэгджээ.
Мөн Грек даяар ойн түймэр дэгдээд байгаа бөгөөд хүчтэй салхи, хатсан өвс байгалийн гамшигт үзэгдлийг улам даамжруулж байна. Ерөнхий сайд Кириакос Мицотакисын тодорхойлсноор “хүндхэн зуныг” даван туулахад гадаадын олон баг тусламж үзүүлж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг уур халуун, хуурай болох эрсдэл нэмэгдэж буй нь ойн түймэр дэгдэх аюулыг нэмэгдүүлж буй бололтой байна.
Дэлхийн агаарын температур аж үйлдвэрийн эрин эхэлснээс хойш хэдийнээ цельсийн 1.2 хэмээр халаад буй бөгөөд Засгийн газрууд хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол цаашид улам нэмэгдэх юм.
Энэ долоо хоногийн эхээр НҮБ-ын танилцуулсан шинжлэх ухааны томоохон тайланд дурдсанаар, хүний буруутай үйл ажиллагааны улмаас уур амьсгалын эрс тэс үзэгдлийн давтамж цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.