“Талибан” томоохон хотуудыг эзэлжээ
Талибан” хөдөлгөөн Афганистаны Газни, Херат хотыг пүрэв гарагт эзэлжээ. Тэдний хувьд довтолгоогоо эхлүүлснээсээ хойш хяналтдаа оруулсан хамгийн томоохон хотууд нь энэ болж байна.
Тодруулбал, талибууд стратегийн өндөр ач холбогдолтой Газни хотыг булаан авснаар нийслэл Кабул хотыг эзлэх магадлал нь өсжээ. Мөн улсын хоёр дахь том хот болох Кандахарт ширүүн мөргөлдөөн үргэлжилсээр байна.
АНУ тэргүүтэй гадаадын бусад хүчнүүд Афганистанд 20 жил цэргийн ажиллагаа явуулсны эцэст цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш босогчид бараг өдөр тутам шинэ нутаг дэвсгэрүүдийг эрх мэдэлдээ оруулах болоод байгаа юм.
Тухайлбал, “Талибан” Калайи Нау хотыг эзэлснээр улсын мужуудын нийслэлийн гуравны нэг орчмыг хяналтдаа оруулжээ. Тэдгээрийн дийлэнх нь хойд нутгийн мужийн нийслэлүүд байгаа юм. Уг хөдөлгөөн довтолгоогоо ийнхүү эрчимжүүлж буй нь Засгийн газрын цэргүүдийн хувьд томоохон цохилт болж байна.
Хелманд мужийн нийслэл Лашгар Гах мөн талибуудын мэдэлд орсон гэдгийг эх сурвалжууд “BBC” телевизэд мэдээлсэн боловч ийм мэдээ албан ёсоор гараагүй байна. Мөргөлдөөний улмаас олон мянган иргэн нутаг дэвсгэрээсээ дайжин Кабул хотыг зорих болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.