“Toyota Motor” компани Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо.
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани коронавирусний халдварын тархалтаас үүдэлтэй эд ангийн хомсдлын улмаас ирэх сард дэлхий даяарх үйлдвэрлэлээ урьдчилан төлөвлөснөөсөө 40 хувиар бууруулахаар болсноо мэдэгдлээ.
“Бид есдүгээр сард үйлдвэрлэлээ 340 мянган нэгжээр бууруулахын тулд хилийн чанад дах үйлдвэрүүд, Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. Мөн зарим үйлдвэрлэлийн шугамыг сарын турш зогсооно” гэж тус компани пүрэв гарагт мэдэгджээ.
Тодруулбал, "Toyota" коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсны улмаас үйл ажиллагаа нь доголдоод буй Зүүн Өмнөд Азийн нийлүүлэгчдээсээ эд анги авахад хүндрэл учраад байна. Түүнчлэн чипний хомсдол ч мөн нөлөөлсөн байна.
Японы автомашин үйлдвэрлэгч өөр хоёр компани болох “Honda Motor”, “Nissan Motor” ч мөн ижил шалтгаанаар зарим үйлдвэрлэлээ түр зогсоогоод байгаа юм.
“COVID-19”-ийн вакцинжуулалтын түвшин өндөр хувьтай байгаа АНУ, БНХАУ-д эрэлт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор автомашины борлуулалт сэргэх хандлагатай байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү чиг хандлагыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг эрмэлзэж буй автомашин үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэлийн шугамуудаа аль болох хурдан хэвийн хэмнэлд нь оруулах шаардлагатай ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.